Өнөөдөр (2017.10.250 Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн нар мэдээлэл хийлээ.
Тус газрын Олон нийтийн төвд авлига-хүнд суртлыг мэдээлэх 18001969 дугаарын утсыг тогтмол ажиллуулж, иргэд, олон нийтээс авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авч, шийдвэрлэлтийн талаар иргэдэд эргэн мэдээлж эргэх холбоотой ажиллаж байна. Түүнчлэн уг утсаар хандаж байгаа иргэдэд хуульзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж байна. Энэ сард нийт 69 дуудлага хүлээн авснаас 38-ыг нь гомдлоор хүлээн авч, 31 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө, лавлагаа өгсөн байна.
Агуулгын хувьд авч үзвэл дурдсан хугацаанд боловсролын салбартай холбоотой 15, Иргэдийн төлөөлөлөгчдийн хурал, Засаг даргын үйл ажиллагаатай холбоотой 9, нийгмийн даатгал, мэргэжлийн хяналт, газрын алба, гааль, цагдаа зэрэг бусад салбартай холбоотой 14 гомдол, мэдээлэл иргэдээс ирсэн байна.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, авлигын эсрэг хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой ажилласан талаар өмнөх мэдээлэлд дурдсан. Энэ ажлын хүрээнд ажлын хэсгүүдийн үзэж танилцсан материалын хувьд 2015-2016 он, 2017 оны 1 дүгээр улирал гэсэн цаг хугацааг хамаарч байна.
2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар хамтран 12 яам, тэдгээрийн харьяа 20 агентлаг, 23 төрийн өмчит хуулийн этгээдэд ажилласан дүнг танилцуулсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын харьяаны агентлагууд болон 9 дүүрэгт ажилласан дүнг танилцуулна. Ингэж танилцуулж байгаагийн гол ач холбогдол нь урьдчилан сэргийлэх ажлыг богино хугацаанд бага хүчээр зохион байгуулсанд оршино. Сангийн яамны хувьд улсын төсвийн асуудал УИХ-д хэлэлцэгдэж байгаатай холбоотойгоор түр хойшлогдоод байна.
Ажлын хэсгүүд ажиллах явцад төрийн албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж томилдог, хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаггүй, хуульд заагаагүй төлбөр хураамжийг албан тушаалтнуудын тушаал, шийдвэрээр тогтоодог, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж худалдан авалт, тендер сонгон шалгаруулалт зохион байгуулдаг, үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль зөрчсөн, зарим албан тушаалтны үзэмжээр худалдан авалт зохион байгуулдаг, төсөвт өртгийг нэмэгдүүлж төсвийн үр ашигтай байх зарчмыг зөрчиж худалдан авалт хийдэг, тодорхой хэдэн компани аж, ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад оролцуулдаг, Төсвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж албан хаагчиддаа урамшуулал хавтгайруулан олгодог, үйл ажиллагаандаа дагаж мөрдөж байгаа дүрэм, журам нь холбогдох хуулийн заалт зөрчсөн, үндэслэлгүй төлбөр хураамж тогтоосон, аливаа зөвшөөрөл олгохдоо хуульд заагаагүй бичиг баримт нэхдэг, хүнд суртал үүсгэдэг, дотоод хяналтын үйл ажиллагааг хангалттай хэрэгжүүлдэггүй, албан хаагчиддаа хариуцлага тооцдоггүй зэрэг зөрчлүүд илэрсэн.
Ажлын хэсгүүд газар дээр нь шууд таслан зогсоох, арилгах боломжтой зөрчлүүдийг тухай бүр арилгуулж ажилласан. Харин хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, авлигын эрсдэл бий болгож буй шалтгаан нөхцлийг арилгах чиглэлээр Засгийн газар, холбогдох яам, агентлагт зөвлөмж хүргүүлнэ.
Тухайлбал, “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани 2015 онд 2,2 тэрбум, 2016 онд 2,7 тэрбум, 2017 оны 1 дүгээр улиралд 381 сая төгрөгийн ажилчдаа урамшуулахад зарцуулсан байна. Урамшуулалд зарцуулж байгаа төсөв нь зарим байгууллагын бүтэн жилийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээнд байна.
Тус газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасан “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх”, мөн УИХ-ын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр (АТҮХ)-ийн 2 дугаар зорилт буюу “Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх, чанар хүртээмжийг сайжруулах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдэлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх” ажлыг хэрэгжүүлэх хүрээнд АТҮХ-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 4.1.2.5-д заасан “Төрийн үйлчилгээний шударга, ил тод, нээлттэй байдлын талаарх судалгааг тогтмол хийж, үр дүнг нь үйл ажиллагаандаа ашиглах” чиг үүргийг тус тус хэрэгжүүлж байна. Энэ чиг үүргийн хүрээнд судалгаа зохион байгуулахад төрийн байгууллагуудаас үйлчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаарх мэдээлэл шаардлагатай байгаа бөгөөд эхний ээлжинд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгжээс үзүүлж буй үйлчилгээ болон уг үйлчилгээг авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэлтэй газар дээр нь ирэх саруудад танилцаж ажиллана.