УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар гишүүн О.Баасанхүү нэгэн чухал асуудлыг хөндсөн боловч дорвитой хариулт олж чадаагүй. Энэ нь төлбөртэй хувийн дунд сургуулиудад төрөөс хувьсах зардал олгодог явдал юм. Гэхдээ энэ сэдвийг өнөөдөр анх хөндөж байгаа юм биш. Бүр 2014 онд л гишүүд энэ асуудлаар байр сууриа илэрхийлсээр ирсэн ч тусыг олоогүй. Тодруулбал, 2015 оны Төсвийн тухай хуулийн төслийг дагалдан зарим нэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Гэтэл эдгээрээс Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэрүүл тарьж байсныг санаж байгаа биз ээ.
Учир нь тус хуулийн нэмэлтэд “Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид төрөөс ногдох сургалтын нормативт зардлын хэмжээг тухайн боловсролын сургалтын байгууллагын сургалтын төлбөртэй нь уялдуулан Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно” гэх хэсэг орж ирсэн юм. Тэрхүү төслөөр бол ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлыг нормативт зардал гэж нэрлэхээр болсон ба хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудын нормативт зардлын хэмжээг сургалтын төлбөртэй нь уялдуулан таван шатлалтай байхаар хуульчилсан.
Үүнийг нарийн тайлбарлаваас, 1.5 сая хүртэлх төгрөгийн төлбөртэй сургуулийн нормативт зардлыг төрөөс 100 хувь, гурван сая хүртэлх бол 80 хувь, таван сая хүртэлх бол 60 хувь, 10 сая хүртэлх бол 40 хувь, 10 сая төгрөгөөс дээш бол 20 хувийг төрөөс олгохоор төсөвлөсөн. Өөрөөр хэлбэл, хувийн сургуулиуд хэт өндөр төлбөртэй байсан ч төрөөс зардал олгоно гэсэн үг. Нэг жишээ татахад, Улаанбаатарт төлбөрөөрөө толгой цохьдог нь “British School of Ulaanbaatar” сургууль бөгөөд зургаадугаар ангиас дээшээ жилд сурагч тус бүр 16 мянган ам.доллар төлж сурдаг. Үүнийг өнөөийн ханшаар бодвол бараг 40 сая төгрөгтэй дүйцнэ. Эндээс хар ухаанаар бодоход л жилд энэ сургуульд 200 орчим сая төгрөгийн хувьсах зардал олгодог байх нь. Харин энэ мөнгө жирийн монгол иргэний 4-5 жилийн цалинг нэг жилд л ганц сурагчаас авдаг тус сургуульд хэр их нэмэртэй юм бол. Тэрбум тэрбумаар нь олдог газарт 200 сая төгрөг юу ч биш гэдэг нь тодорхой.
Нөгөөтэйгүүр цаана нь ийм хэмжээний төлбөртэй, үүнээс арай бага ч жилд 10-20 сая төгрөгийн төлбөр авдаг сургууль цөөнгүй бий. Мөн таван саяын төлбөртэй дунд сургууль бол тоогоо алдсан ч гэхэд буруудахгүй. Ингээд бодоход, өндөр төлбөртэй хувийн сургуулиудад олгодог хувьсах зардалд төрөөс жилд олон тэрбумыг зарцуулдаг байх нь.
Энэ тухайд 2016 онд УИХ-ын гишүүн Н.Учрал чуулганы хуралдааны үеэр “Улаанбаатар хотод 10, 20 сая төгрөгийн төлбөртэй хувийн дунд сургуулиудад яагаад хувьсах зардал олгоод байдаг юм бэ. 30 мянган хүүхдэд 25 тэрбум төсөвлөсөн байна. Тэр байгууллагууд ашгаа олоод явж байгаа шүү дээ” гэж байсан. Уг нь 2015 онд хувийн хэвшлийн дунд сургуулиудад олгох хувьсах зардлыг танаж, 1.5 тэрбум төгрөг хэмнэж байсан.
Өнгөрсөн жил хувийн дунд сургуулиудад өгдөг хувьсах зардлыг хасаж, 1.5 тэрбум төгрөг хэмнэж байсан. Гэхдээ эдгээрт зориулсан нийт зардал 25 тэрбум төгрөг болсон байх юм. Иймд төр засаг элдэв зардлаа хэмнэх гэж хүүхдийн мөнгө, халамж, тэтгэврийн ахмадын авдаг хэдтэй ярихын оронд энэ мэтийг танавал яасан юм бол. Хэдийгээр хүүхэд сурч байгаа ч жилийн таваас дээш сая төгрөгийн төлбөр авдаг сургуулиуд ашиг өндөртэй ажилладаг гэдгийг олон талын баримт, статистикаас харж болох тул ойрын хэдэн жилдээ тэдэнд хувьсах зардал нэртэй тэдгээрийн хувьд аманд ч үгүй, хамарт ч үгүй мөнгийг олгож байхаар дахиад хэдэн сургууль, цэцэрлэг босгож болмоор ч юм шиг.
Түүнчлэн төрийн өмчийн ЕБС-иуд өнөөг хүртэл сургалтын материал, элдэв хэрэгцээт зүйлийн мөнгийг эцэг, эхчүүдээс татсаар байгаа. Дээрээс нь нэг ангид 50-60 хүүхэд шахцалдан, ганц багш тэдэнд хичээл заах гэж яаж үйлээ үзэж байгааг бүгд мэдэх ёстой. Харин хувийн сургууль тэр дундөө өндөр төлбөртэй сургуулиудад хүүхдээ сургах нь эцэг, эхийн сонголт. Хамгийн гол нь, өнөөдөр тэдгээр өндөр төлбөртэй сургуулиуд хүүхдэд багаас нь англи хэлээр хичээл заадаг. Мэдээж сургалтын чанар нь ачаалал нь хэд дахин ихэссэн төрийн сургуулийнхаас илүү байх нь ойлгомжтой. Гэхдээ өндөр төлбөртэй сургуулиудад хүүхдүүд монгол хэлээ мартаж, өөр хоорондоо англиар л ярьдаг гээд эмгэнэлт явцуурал маш олон байгаа.
Энэ мэтээр гуравхан сая хүнтэй Монголд боловсрол олголтоос нь эхлээд ядуу, баяны туйлын ялгаа хэт ихсэх болсон нь үнэн. Иймд эдгээр сургуульд төрөөс заавал хувьсах зардал олгох шаардлагатай юу, үгүй юу гэдгийг эргэн харах цаг болжээ.
erennews.mn
3 comments
Мөнгө хүүлэх нэг арга энэ. 60 тэрбумыг энэ мэтээс босгоход ядах юмгүй байгаа биз
ОРОС 3-Р СУРГУУЛЬ ЯАДАГ ЮМ БОЛОО
Хувийн сургуулиудын эзэд нь дандаа их хурлын гишүүдийн эхнэр ах дүү төрөл садангууд нь байдаг юм чинь. Үхсэн баас үнэтэй төлбөртэй сургуульд сурлаа гээд улсын сургуулийн сурагчаас мэдлэгээрээ нэг их дээрдээд байдаг юмгүй юм билээ. Эцэг эхийнх нь нэр хүнд карьер хөөдөг монголчуудын л маяг дөө. Бүгд улсын сургуульд сурч болхол байсан: Боловсролын системээ өөрчлөөд багш нараа чанаржуулаад, программа засвал уул нь ямарч хүнд асуудал биш шүү дээ… ТЭНЭГҮҮДЭЭ