Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний аюулгүй байдал” судалгааны төвөөс “Монгол тамхи Со” компанийн хувь эзэмшигч Ц.Дашдоржийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ-аар шалгуулахаар албан бичиг хүргүүлэх болжээ.
Энэ талаар өнөөдөр тус төвийн тэргүүн Д.Төмөрбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн байсан хүн өөрийн эзэмшилд байх тамхины үйлдвэрийг татвараас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, энэ оны дөрөвдүгээр сард гарсан УИХ-ын 27 дугаар тогтоолд тамхины гаалийн онцгой албан татварыг 30 хувиар тогтоосон. Харин “Монгол тамхи Со” компани үндэсний үйлдвэрлэгч гэх нэрийдлээр 5 хувийн татвар төлж байгаа юм. Гэтэл Монгол Улсад тамхины ургамал тариалах боломжгүй, цаасыг нь ч үйлдвэрлэдэггүй. Бүх түүхий эдийг нь гаднаас импортолдог гэсэн үг. Дээрээс нь тус компанийн 70 хувийг БНХАУ-ын хоёр компани хуваан эзэмшдэг. Тиймээс энэ компани үндэсний үйлдвэрлэгч биш гэж үзэж байгаа юм.
Монгол Улсын 600 мянган тамхи татдаг гэсэн судалгаа бий. Үүнээс 45 хувь нь “Монгол тамхи Со” компанийн таван төрлийн тамхийг хэрэглэж байгаа юм. Ингэснээр энэ компани жилд 291 тэрбум төгрөгийн орлого олдог. Үүнэээс 30 хувийн татвар авбал ойролцоогоор 60 тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой. Тиймээс манай байгууллага Ц.Дашдоржийг “Хоёр дахь 60 тэрбумын эзэн” хэмээн нэрийдэж байгаа юм. Түүнчлэн Ц.Дашдорж УУХҮ-ын сайдаар ажиллахдаа мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлогоо 192 сая төгрөг гэж худлаа бөглөж, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон хуулийг зөрчсөн байна. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ-т энэ асуудлыг нарийвчлан шалгуулах тухай албан бичгийг хүргүүлж байна” хэмээв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: монцамэ агентлаг