[starbox]
“Ард түмнийг нэгтгэн нягтруулах, байнгын армийн тоог үгүй болгох буюу багасгах, эсвэл энхтайвныг санаачилгыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүнд Нобелийн энхтайвны шагнал олгосугай”. 100 гаруй жилийн өмнө Альфред Нобель ийнхүү гэрээслэлээ үлдээсэн байдаг.
Гэвч уг шагналыг хүртсэн, эсвэл нэр дэвшиж байсан хүмүүсийн дотор ийм хэмжээний гавьяа байгуулаагүй, эргэлзээтэй хүмүүс олон бий.
Норвегийн Нобелийн шагналын хорооны нарийн бичгийн дарга саяхан Мьянмарын улсын зөвлөх Аун Сан Су Чжигийн 1991 онд хүртсэн Нобелийн энхтайвны шагналыг хураан авахгүй гэж мэдэгдсэн билээ. Улстөрч эмэгтэй ардчилал, хүний эрхийг хамгаалахын төлөө хүчирхийллийн бус аргаар тэмцсэнийхээ төлөө уг шагналыг хүртсэн. Гэвч тэрбээр шагнал авснаас хойш 26 дараа улсынхаа зөвлөх буюу бараг Ерөнхий сайд болчихсон хэрнээ Мьянмарт хүний эрхийн ноцтой зөрчил гарахад юу ч хийхгүй байгаа нь дэлхий дахины дургүйцлийг төрүүлж, шагналыг нь хураахыг шаардаж байгаа юм.
Сүүлийн үед Мьянмарт лалын шашинт рохинжа, буддын шашинтнуудын дунд цус асгарсан мөргөлдөөн үүсч, үүнийг зогсооход засгаас хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа нь анхаарлын төвд оржээ.
Тэгвэл Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшиж байсан, хүртэж байсан хүмүүс уг шагналыг хүртэх онцгой гавьяагүй болохыг гэрчилсэн хэд хэдэн баримтыг RT-ийнхэн дурдаж байна.
2009 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Нобелийн энхтайвны шагнал хүртсэн түүхтэй. Гэвч түүнийг 2008-2016 он хүртэл АНУ-ын төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаанд тус улс Сири, Афганистан, Сомали, Ливи, Ирак, Йемен, Пакистан зэрэг улсад цэргийн ажиллагаа явуулсан. Эдгээр долоон улсын газар нутагт агаарын цохилт хийснээс зөвхөн 2016 онд л гэхэд АНУ-ын Агаарын цэргийн хүчин 26 мянган бөмбөг хаясан гэсэн тоо бий.
Барак Обамад Нобелийн энхтайвны шагнал олгосноос хэдэн жилийн дараа Нобелийн шагнал гардуулах хүрээлэнгийн захирал асан түүнд шагнал хүртээсэндээ харамсаж байгаагаа илэрхийлсэн утгатай үг хэлсэн аж. Нобелийн хүрээлэнгийн захирал асан Гейр Лундестад “Ерөнхийлөгч Барак Обамад Нобелийн энхтайвны шагнал хүртээсэн нь хүлээж байсанчлан үр дүн авч ирээгүй” хэмээжээ.
Нобелийн энхтайвны шагнал авсан бас нэг газрыг энд дурдах нь зүйтэй. Энэ бол Европын холбоо. 2012 онд “Европт 60 жилийн турш энхтайван, ардчилал, хүний эрхийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан”-ыхаа төлөө шагнал хүртсэн тус холбоонд тус онд алан хядах ажиллагаа эрс нэмэгдэж, нийт 219 халдлага бүртгэгдэж байсан аж. Үүнээс гадна Испани, Португалд хэдэн мянган хүн хэмнэлтийн хатуу арга хэмжээг эсэргүүцэн жагсаж, Мадридад хэмнэлтийн горимыг эсэргүүцсэн жагсагчид цагдаа нартай мөргөлдсөн, Грекийн парламент ард иргэдийн эсэргүүцэл, хүчнийхний мөргөлдөөн дунд хэмнэлтийн арга хэмжээ авах шийдвэрээ гаргаж байсан зэргийг дурдаж болно.
Өнгөрсөн онд Нобелийн энхтайвны шагналд “НОМИНА” буюу Сирийн цагаан каскны байгууллага нэр дэвшсэн. Гэтэл тус байгууллагын гишүүд “Фронт ан-Нусра”-гийн дайчидтай хамт дайтаж байсан нь ил болсон.
“Peace Action” байгууллагын улс төрийн захирал Пол Кавика Мартин “Энхтайвныг бэхжүүлэхийн төлөөх үйл хэрэгт олгодог шагнал нь цаанаа улс төрийн зорилготой гэж би үздэг. Нобелийн энхтайвны шагнал ч мөн ялгаагүй олон жилийн турш улс төрийн зорилгоор ашигладаг хэрэгсэл болчихсон. Нэр дэвшигчид, шагналтныг тодорхойлох хороо зөв санаа гаргасан хүмүүсийг л илүүтэй сонгодог болсон. Тухайлбал, төрийн тэргүүний ажлаа аваад 10-хан сарын дараа энэхүү шагналыг хүртсэн Барак Обамаг нэрлэж болно.Тэр Цагаан ордон дахь ажилдаа ороод удаагүй байсан шүү дээ. Түүнээс гадна бас нэг Нобелийн шагналтан байна. Энэ бол Аун Сан Су Чжи. Түүнийг Мьянмарт олон жилийн турш энхтайван тогтоохын төлөө тэмцсэн хэмээн шагнал олгосон. Гэтэл түүний саяхны үйл хэрэг Нобелийн энхтайвны шагналтны статуст нийцэхгүй байна” хэмээжээ.
Нобелийн энхтайвны шагналын тухай…
Нобелийн сангаас энхтайвныг бэхжүүлэх үйл хэрэгт амжилт гаргасан хүн, байгууллагад жил бүр болгодог том шагнал юм. Энэ бол Альфред Нобелийн 1895 оны арваннэгдүгээр сарын 27-нд Парист бичсэн гэрээслэлээр бий болгосон таван шагналын нэг нь.
Нобелийн энхтайвны шагналыг 1901 оноос эхлэн жил бүр олгож байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 97 удаа олгожээ. Харин 1914-1916, 1918, 1923, 1924, 1928, 1932, 1939-1943, 1948, 1955-1956, 1966-1967, 1972 онуудад 19 удаа шагнал олгогдоогүй.
Тус шагналыг хамгийн анх 1901 онд Швейцарийн иргэн Анри Дюнан, Францын иргэн Фредерик Пасси нар хүртэж байв. Харин хамгийн сүүлд 2016 онд Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос хүртсэн байна. 97 удаагийн шагналаас 66-г нь нэг шагналтан олгож байсан бол 29 удаа хоёр шагналтанд зэрэг хүртээж байжээ. Мөн хоёр ч удаа гурван шагналтанд зэрэг өгсөн түүхтэй.
Нобелийн энхтайвны шагналыг 1901 оноос хойш 130 шагналтан авч байснаас 26 нь байгууллага юм. Ингэхдээ Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг гурван удаа, НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын байгууллага хоёр удаа хүртсэн байна.
Өнгөрсөн оны байдлаар тус шагналыг 16 эмэгтэй авчээ. Хамгийн анхны эмэгтэй шагналтнаар 1905 онд Берта фон Зуттнер тодорч байсан.
Нобелийн энхтайвны шагналтнуудыг насны хувьд авч үзвэл дунджаар 61 нас байна. Өнгөрсөн оны байдлаар Нобелийн энхтайвны шагнал хүртсэн хамгийн залуу хүнээр Пакистаны хүний эрхийг хамгаалагч Малала Юсуфзай 2014 онд 17 насандаа авснаар тодорсон. Харин хамгийн ахмад насандаа шагнал хүртсэн хүн бол 1995 онд 87 насандаа Нобелийн энхтайвны шагналтан болсон Британийн иргэн Жозеф Ротбалт юм.