Монголчуудын зооглох дуртай хоолны нэгд тарваганы мах зүй ёсоор багтдаг. Адууны мах шиг илчлэг боловч өөхлөг, өвөрмөц амттай энэ амьтаны маханд дурласнаасаа болж иргэд халдварт өвчин тусах, бусдадаа халдварлах, цаашлаад амь насаа алдсан тохиолдол өмнөх жилүүдэд гарч байв.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Э.Навчаа хэлэхдээ иргэд тарваган тахал өвчний талаарх ойлголт мэдлэггүйгээсээ болж энэ өвчнөөр өвдөхдөө мэргэжлийн байгууллагад хандахгүй лам, бөөгөөр явж өвчнөө даамжруулах нь үхэлд хүргэх аюултай хэмээн анхаарууллаа.
Тарваган тахал бол мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц, халдварт өвчин юм. Тарвага дөрөвдүгээр сард ичээнээсээ гарч эхэлснээс хойш халдварт өвчин идэвхжиж найм, есдүгээр сард ид оргил үедээ хүрдэг байна. Энэ үед тарваганы түүхий эд, эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй, олноороо үхсэн мэрэгч амьтны сэг зэмд хамгаалалтгүй хүрэхгүй, ан агнуурын хориотой үед тарвага агнахгүй, нохойд бариулсан болон хавх, урхинд орсон тарвагыг ямар нэгэн зорилгоор хэрэглэхгүй байх, тарваган тахал өвчний эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга юм байна.
Манай улсын 137 бүс нутагт тарваган тахлын голомт байдаг бөгөөд судалгаагаар энэ жил 80 орчим голомт идэвхтэй, ялангуяа баруун аймгуудын зарим сумдад өндөр байгааг тогтоожээ.
Хэрвээ тарваган тахлаар өвдсөн тохиолдолд 3-7 хоногийн хугацаанд бие халуурч, бүх булчин шархирах, толгой өвдөх, дотор муухайрах, хэвлий гэдсээр өвдөх, бөөлжих, суулгахаас гадна булчирхайнууд томорч эмзэглэх, ханиалгах, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.