НЭМЭЛТ:
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2024.02.14/ мал аж ахуйн салбар дахь өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг хэлэлцээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүргийг Улсын онцгой комисст өгчээ. Улсын онцгой комисс одоо үргэлжлүүлэн хуралдаж, холбогдох шийдвэрийг гаргах юм байна.
Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноор, 7 аймгийн 27 суманд төмөр зудын нөхцөл үүсэж, өвөлжилт хүндэрсэн юм. 2024 он гарсаар 176 мянга гаруй мал хорогдоод байгаа тул Засгийн газар, Улсын онцгой комиссоос махны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвс тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд хивэг тэжээлийн экспортыг 2024 оныг дуустал хугацаанд хязгаарлах шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан. Мөн улсын нөөцөөс 21 аймаг, нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт 9,182.4 мянган тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгосон. Аймаг, сумын тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд аж ахуй нэгжүүд орон нутгийн Засаг Даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулан малын тэжээлийг үйлдвэрийн үнээр шууд нийлүүлсэн юм.
Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна. Тус хуралдаанаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал, Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Шинэ төмөр замын төслүүдийн ажлын явцын талаар зэрэг 25 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.