Балтийн тэнгисийн ёроолоос олдсон чулуун хана хэрэм хүн төрөлхтний хамгийн эртний ан агнуурын зориулалттай байгууламжуудын нэг байж болзошгүйг судлаачид тогтоожээ.
Тухайлбал одоогоос 11,000 орчим жилийн өмнө буюу Чулуун зэвсгийн үед байгуулсан гэж дүгнэсэн байна.
Анх 2021 оны намар Германы Киелийн их сургуулийн багш, оюутнууд Мекленбургийн булангийн ёроолд геофизикийн судалгаа явуулж байхдаа тэнгисийн мандлаас 21 метрийн гүнд энэ байгууламжийг илрүүлж байжээ.
Рерик хотын эргээс 10 км орчим зайд олдсон энэ байгууламж 1,670 ширхэг чулуунаас бүтсэн, нэг километр орчим урт үргэлжилж байсан байна.
Чулуунууд бараг төгс гэж хэлж болохоор тэгшхэн шугамд байрлаж байсан тул үүнийг байгалийн тогтоц биш, хүний гараар бүтсэн зүйл байж болзошгүй гэж үзээд судалгаа эхэлж байжээ.
Ингээд энэ байгууламжийг хүмүүс Чулуун зэвсгийн үед цаа буга агнах зориулалтаар босгосон гэж дүгнэсэн байна.
Судалгааны тайлан Даваа гарагт “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгджээ.
“Бидний явуулсан судалгаагаар усан доорх чулуун байгууламж нь байгалийн гаралтай биш, шумбагч онгоцны кабель татагч гэх мэт орчин үеийн байгууламж ч биш болох нь тогтоогдлоо. Хөдөлгөөнгүй том чулуунуудыг олон жижиг чулуунуудаар холбосон зохион байгуулалт, бүтэц нь үүнийг няцааж байна” гэж
судалгааг ахалсан Германы Балтийн Тэнгисийн Судалгааны Лейбницийн Хүрээлэнгийн доктор Якоб Гирсен мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Одоогоос 11,000 жилийн өмнө ямар нэг нуур, тэнгисийн эрэг дагуу босгосон энэ байгууламж 8,500 орчим жилийн өмнө буюу сүүлчийн мөстлөгийн төгсгөл үед усан дор оржээ.
“Тухайн үед Европ тивийн хойд хэсгээр нийтдээ 5,000 хүрэхгүй хүн амьдарч байсан гэж үздэг. Тэдний хоол хүнсний нэг гол эх үүсвэр нь цаа буга байсан. Энэ амьтан мөстлөгийн дараах сийрэг ургамалтай газрыг даган улирлын чанартай нүүдэллэдэг байсан бололтой. Чулуун ханыг цаа бугуудыг урхинд оруулах зорилгоор хашихад ашиглаж байсан гэж үзэж байна” гэж судалгаанд оролцсон Германы Ростокын их сургуулийн эртний түүх судлаач Марсел Брадтмюллер бичжээ.
Урхинд орсон цаа бугуудыг хүмүүс жад, нум сум зэргээр агнадаг байсан гэх таамгийг тэр дэвшүүлсэн байна.
Хана хоёр зэрэгцээ хэсэгтэй, хоорондын зай нь нэг тал руугаа алгуур нарийсаж, ойртож байснаас үүний зориулалт тодорхой харагдаж байгаа ажээ.
“Хэдийгээр 0.5 метр өндөртэй ч амьтад ийм шугаман байгууламжийг давах гэж оролдохын оронд дагаж давхисаар урхинд ордог байсан бололтой” гэж Гирсен ярьж байна.
Балтийн тэнгисийн сав газраас Чулуун зэвсгийн үеийн анхны ан агнуурын байгууламж олдсон нь энэ юм.
АНУ, Гринланд, Саудын Араб, Йордан зэрэг улсуудын нутаг дэвсгэрээс үүнтэй төстэй байгууламжууд өмнө нь олдож байжээ.
Эх сурвалж: CNN