Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг хилээр гарахыг хязгаарлан цагдан хорионоос суллаад буй.
Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газраас өнөөдөр мэдээлэл өгөв.
Тус шүүхийн Тамгын газрын хэлтсийн дарга Б.Оч “Яллагдагчийн өмгөөлөгч яллагдагчид урьд авсан цагдан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр ирүүлсэн. Үүнийг тус шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Ингэхдээ яллагдагчийг зайлшгүй цагдан хорих үндэслэл буюу хэргийн бусад хүмүүст нөлөөлөх болон мөрдөн байцаалт, хэргийн нотлох үйл ажиллагаанд саад учруулах зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Шүүгчийн энэхүү захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8.1-д заасны дагуу прокурор, оролцогч тус шүүхийн Ерөнхий шүүгчид гурав хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй боловч Хяналтын прокурорын зүгээс гомдол гаргаагүй учир шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон” хэмээлээ.
Сайд асан Т.Бадамжунайг Шувуу ажиллагааны хүрээнд энэ оны дөрөвдүгээр сарын 5-нд Филиппин улсаас авчирч, тухайн сарын 7-ноос эхлэн цагдан хорьж байв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль
14.5 дугаар зүйл.Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ
1.Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.