Америкийн хиймэл дагуулууд хилийн дагуу үйлчилгээ үзүүлэх нь аюултай байж болзошгүй
АНУ-ын тэрбумтан Илон Маскийн “Старлинк” компани манай улсад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө ХХЗХ-ноос энэ сарын 6-нд авсан юм. Тус компанийн хиймэл дагуулын тусламжтайгаар шилэн кабелгүй, алслагдмал газруудад интернэтэд холбогдох боломж бүрдэнэ. Гэвч энэ нь урд хөршийн мэдээллийн, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй талаар тус улсын тоймчид анхааруулжээ.
Ямар нэг зөрчил үүссэн тохиолдолд “Старлинк”-ийн хиймэл дагуулууд АНУ-ын цэргийн албадад дэмжлэг үзүүлэхээс урд хөршийн эрдэмтэд болгоомжилж байна. Энэ шалтгааны улмаас тус улс Старлинктэй хамтран ажилладаггүй байна.
Бээжин гаднын зарим цахим хуудаснууд руу нэвтрэх эрхийг хязгаарлах хатуу бодлого явуулдаг. Галт хана, Алтан бамбай гэж нэрлэсэн энэ бодлогын улмаас хятад иргэд VPN буюу виртуал хувийн сүлжээгээр л хориглосон сайт руу нэвтрэх боломжтой байдаг аж.
Шанхай хотын тоймч Чэн Жисэн “Монгол бидний хөрш улс. “Старлинк”-ийн хиймэл дагуул нэг л бүсэд интернэт түгээхгүй. Хоёр улсын хилийн шугамын дагуу хатуу зааг тогтоож, интернэтийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй юм. Иймд хил дагуух нутгуудад интернэт рүү чөлөөтэй нэвтэрнэ.
“Старлинк” Пакистанд ч үйлчилгээ үзүүлэх болсон. Монгол Өвөр Монголтой, Пакистан Шинжаантай хиллэдэг. Хэрэв эдгээр улсад тогтворгүй байдал үүсвэл тэр тухай мэдээ манай иргэдэд нөлөөлж болзошгүй” гэжээ.
Мөн “Старлинк”-ийн хиймэл дагуулууд бие даасан байдгийг онцлоод үйлчилгээг нь авч буй улсууд хүссэн ч тэдний интернэтийг хааж чадахгүй гэсэн байна.
Энэ асуудлаар Asia.clom сайт “SpaceX” компаниас тодруулга авах гэхэд хариу өгөөгүй байна. Харин ЦХХХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч “Старлинк”-ийн үйлчилгээ манай хөрш улсуудад нөлөөлөхгүй. Хил дамнасан харилцаа холбооны дэд бүтэц, холбоог олон улсын хуулиар зохицуулдаг. Энэ хуульд Монгол болон хөрш орнууд ч нэгдэн орсон.
Олон улсын хууль улс орнуудын хамтын ажиллагаа, ойлголцлыг бэхжүүлэх үндэс юм. Бид хөрш орнуудтайгаа найрсаг харилцаатай байдаг. БНХАУ энэ төрлийн технологитой холбоотой асуудлыг зохицуулах өөрийн хуультай. Тус улсын иргэд тэрхүү хуулиа мөрдөнө. Монголын Засгийн газар нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгчдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, “Старлинк” компани шалгарсан” гэжээ.
ЦХХХ-ны сайд н.Учрал “Старлинк”-ийн нам орбитын хиймэл дагуулууд шилэн кабел суурилуулаагүй, хүн ам цөөнтэй, алслагдмал нутгуудад интернэтийн үйлчилгээ үзүүлнэ. Энэ нь өргөн уудам нутагтай оронд чухал гэж эдийн засгийн форумын үеэр онцолсон юм.
Тавдугаар сарын байдлаар “Старлинк” нам орбитын 4000 хиймэл дагуулын сүлжээ үүсгэсэн байв. Тэд 2027 он гэхэд 42 мянган хиймэл дагуултай болохоор төлөвлөжээ. 32 улс тус компанийн үйлчилгээг авдаг ч өөд ОХУ, БНХАУ, Иран, БНАСАУ хамтран ажилладаггүй.
Хэдийгээр тус компани иргэдэд хямд үнээр интернэтийн үйлчилгээ үзүүлдэг ч АНУ-ын армитай эртний харилцаа холбоотой гэж БНХАУ-ын цэргийн сонин мэдээлж байжээ.