Монгол Улсын тогтвортой менежментийн судалгаа шинжилгээ, бодлогын хөгжил сэдэвт хурал болов.
- Манай орны ойн нөөцийн 74 хувь нь болц гүйцсэн, хөгшин ой.
- Дэлхийн агаарын температур 1.09 хэм нэмэгдсэн байхад Монгол орных 2.25 хэм байна.
- Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM) төслийн уулзалт боллоо. Уулзалтаар “Ойн тогтвортой менежментийн судалгаа, бодлогын шинэчлэл” сэдвээр зөвлөлдсөн юм. Ойжуулалт, нөхөн сэргээлт, арчилгаа, цэвэрлэгээ, бусад олон төрлийн судалгааг хоёр жил хийн, үр дүнг өчигдөр танилцууллаа.
Монгол орны ойн 74 хувь нь болц гүйцсэн, хөгшин ой. Ойн судалгаа хөгжлийн төвийн тайланд дурдсанаар хөгшин ой их байснаар хөнөөлт шавж, өвчинд өртөмтгий, түймэр гарвал шатах материал их, сэргэн ургалт бага, нүүрсхүчлийн хийг шингээх чадвараар сул ой ихсэх уршигтай. Иймд эрүүл ойг бий болгох нь чухал.
Ойн газрын дарга Б.Оюунсанаа, “Европын холбоо нь тогтвортой менежмент, экологи, судалгаа, ойг эдийн засгийн эргэлтэд оруулах ач холбогдлыг олон нийтэд түгээх туршлагатай. Энэ туршлагыг бид төслийн хүрээнд Монголд нэвтрүүлэх зорилготой.
Өнгөрсөн жил Ерөнхийлөгч, Европын холбооны ерөнхийлөгчтэй ойн салбарт хамтран ажиллах санамжид гарын үсэг зурсан. Европын холбоо таван улстай хамтарч ажилласнаас Азиас Монгол л хамтран ажиллахаар болсон юм. Энэ санамж бичгийн хүрээнд бид ажиллаж байна.
Хүний нөөцөө чадавхжуулж, ойн чиглэлийн мэргэжилтнүүд бэлтгэн дадлагажуулж, мэргэжлийн түвшин ахиулна. Удаан хугацааны ойн судалгаа хийж, ойг эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг ойгоос гаргах, зөвхөн банз, дүнз биш, илүү үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүн бий болгох туршилт хийж байна” гэв.
Тэр Бээр үргэлжлүүлэн “Ойн мэргэжилтнүүдийг нэмэх шаардлагатай. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлээд хоёр дох хавартайгаа золголоо. Хамгийн гол асуудал нь хүний нөөц. Мэргэжлийн түвшинд сайн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх нь том бэрхшээл боллоо. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, тогтвортой менежменттэй байхад 2000 орчим мэргэжилтэн хэрэгтэй. Ойн чиглэлээр МУИС, ШУТИС, ХААИС, Улаанбаатар их сургууль мэргэжилтэн бэлддэг. Элсэгчид өнгөрсөн жилийг хүртэл маш цөөн байсан. Хууль, эдийн засаг, гадаад харилцаагаар сурах нь их. Харин одоо хүмүүсийн ой модонд хандах хандлага сайжирсан.
Өнгөрсөн жил МУИС-аас хоёр жил ойн мэргэжлээр сураад, нарийн мэргэжлээр төгсөж, дөрвөн жил сурсантай адил диплом олгодог хөтөлбөрийг эхлүүлсэн. 50 гаруй хүн сурч байна. тэд ирэх хавар төгсөнө. Энэ нь бидэнд их дэм болсон” гэв.
STREAM төслийн ойн ахлах зөвлөх Дан Алтреп, “Ой чухал нөөц, уур амьсгалын нөлөөлөлд амин үүрэгтэй. Ой хүлэмжийн хийг шингээдэг. Олон улсын хэмжээнд мод боловсруулах, модны ургах нөхцөлийг бүрдүүлэхэд голлон анхаарч байна.
Ойн санг хамгаалах нь зүй ёсны хэрэг. Монголд мод бэлтгэл рүү анхаарчээ. Үүний оронд модыг арчлах нь илүү чухал. Ургаж байгаа моддын өрсөлдөөнийг нь бууруулах зорилгоор цаашид ургах боломжгүй болсон модыг тайрах нь зөв. Ингэснээр ой илүү үр өгөөжтэй, эдийн засагт тустай болно.
ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал профессор М.Хишигжаргал, “Төсөлд дэлхийн 14 их сургуулийн судлаач, Монголоос гурван их сургуулийн эрдэмтэд оролцлоо. Судалгаа хийхээс гадна, оюутнууд, орон нутгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулсан. Олон талын оролцоотой судалгаа хийж байна.
Манай орны ойн нөхцөлийг шууд дүгнэх боломжгүй. Нэг талаас уур амьсгалын хуурайшил, дулаарал нэмэгдэж байна. Дэлхийн агаарын температур 1.09 хэм нэмэгдсэн. Монголынх 2.25 хэм байна. Хуурайшил, дулаарлын нөлөөгөөр ойн санч өөрчлөгдөж, доройтож эхэллээ. Харахад ногоон харагддаг ч ус чийг дутагдалтай, хуурайшлыг тэвчиж байгаа нөхцөлд байна” гэсэн юм.
Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах төслийг Европын холбоо ба ХБНГУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хамтарсан санхүүжилттэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, НҮБ-ын ХХААБ-тай хамтран хэрэгжүүлж байна.