Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх шашны сургуульд шавилан суудаг 12 настай хүүгийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэрэг гарсан.
Тэгвэл хохирогч гэх гурван хүүхдийг ШШЕГ-т шинжилгээнд хамруулсан бөгөөд шүүх шинжилгээний дүгнэлт гарсан байна. Энэ талаар ЦЕГ- аас мэдээлэл өглөө. “Тухайн асуудалд хохирсон байж болзошгүй гурван хүүхэд, холбогдсон байж болзошгүй дөрвөн хүүхэд буюу нийт долоон хүүхдийг ШШЕГ-т шинжээч эмчийн дүгнэлт гаргуулахаар хандсан. Шинжээч эмчийн дүгнэлт гарсан. Эрүүгийн хуульд заасны дагуу прокурорын байгууллага зөвшөөрсний дараа нийтэд мэдээлэх болно” гэв.
Хохирсон байж болзошгүй гурван хүүхдийн нэгний ар гэрээс хүсэлт гаргасны дагуу хүүхдийг цагдаагийн байгууллагын түр хамгаалах байранд байршуулжээ. Тус хүүхдэд сэтгэл зүйн болон хууль эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг хүүхэд хамгааллын бүх үйлчилгээг үзүүлж байгаа аж.
Харин хэрэгт холбогдсон байж болзошгүй дөрвөн хүүхдэд хувийн баталгаа гаргуулах, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.