Тус хорооны хуралдаанаар мөн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж байгаа ажлын танилцуулга мэдээллийг Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга өгөв. Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй нийт 344 барилга бий бөгөөд үүний 105 дээр дахин төлөвлөлт хийх Засаг даргын захирамж гарчээ. Улмаар 99 нь төсөл хэрэгжүүлэгч шалгарсан. Нийслэлд 2022-2023 онд 11 багцын 24 барилгыг дахин төлөвлөж, 1730 айлыг орон сууцанд оруулахаар төлөвлөж байгааг хэллээ.
Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучны орон сууцууд ихэвчлэн 12-46 м/кв байдаг бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид орон сууц эзэмшигчид 4-8 м/кв нэмж өгөх байдлаар тохиролцдог байна. Харин дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй барилгын талбайн хэмжээ том байдаг учраас иргэд нэмж мөнгө төлөх нөхцөл байдал үүсдэг гэдгийг тэрбээр тодотгосон юм. Түүнээс гадна төсөл хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл нь иргэд 1 барилга дээр 2 болон түүнээс дээш үл хөдлөх эзэмшиж буй тохиолдолд дахин төлөвлөлтийг эсэргүүцэх хандлага түгээмэл. Тэр тусмаа 1 давхрын сууцыг зөвшөөрөлгүй үйлчилгээний талбай болгон, аж ахуйн нэгжийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа нь нөхөн төлбөрийн хувьд ихээхэн хүндрэл учруулж байна гэсэн юм.
Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга, төлөөлөгч Б.Сүхбаатар энэ үеэр “Орон сууцны дахин төлөвлөлт бол нийслэлийн агаар хөрсний бохирдлыг бууруулах гол гарц. Тиймээс манай хороо энэхүү ажилд ихээхэн анхаарал тавих бөгөөд шаардлагатай гэж үзвэл ажлын нэгж талбарууд дээр очиж танилцан, ажиллах болно” гэлээ. Харин төлөөлөгч Д.Энхбаяр Баянзүрх дүүргийн 13, 14-дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн төслийн асуудлыг хөндлөө. Төсөл хэрэгжүүлэгч шалгарсан, иргэдийн газрыг чөлөөлж, барилгын карказ босгосон хэдий ч нийслэлийн зүгээс дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг батлаагүйг тэрбээр дурдсан юм. Иймд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эхний удаад зураг төслийн санхүүжилтийг шийдвэрлэх боломж бий эсэхийг тодрууллаа.
Харин төлөөлөгч Б.Өнөбатын хувьд дахин төлөвлөлт хийхдээ барилгын хүчин чадал буюу давхрыг нь нэмэгдүүлж байгааг шүүмжилсэн. Тэрбээр хэлэхдээ “Хуучны 4 давхар барилгыг нураагаад 12 давхар болгоод байвал Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох төвлөрөл, түгжрэл хэзээ ч шийдэгдэхгүй. Тиймээс төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа хүчин чадлыг нэмэхгүй байх хатуу байр суурь баримталж ажиллах саналыг гаргалаа. Эцэст нь тус хорооны дарга Б.Сүхбаатар аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэх саналд орж ирэхгүй байгаа дахин төлөвлөлтийн талбарт ногоон байгууламж, спорт талбай, сургууль, цэцэрлэг… зэрэг нийгмийн дэд бүтэц бий болгох хувилбарыг боловсруулж, оруулж ирэхийг Хот байгуулалт хөгжлийн газарт үүрэг болголоо.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ