Ахмад Б.Даваадорж (016) захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний тасгийн дайчид өнөөдөр алсын зайн маршийн 130 км замаа туулахаар гараанаас гарлаа.
Баг тамирчдыг “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ, хорооны штабын дарга, хурандаа Ш.Гантулга, ОХУ-ын багийн ахлагч, хурандаа Алексей Константинович Покровский, Бүгд Найрамдах Зимбабве Улс, Узбекистан Улсын багийн дасгалжуулагч, алба хаагч нар монгол дайчдыг үдэн мордуулж, амжилт хүслээ.
Гарааны өмнө уралдааны шүүгчийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, хошууч З.Бат-Оргил тамирчдын бичиг баримт болон бусад шаардлагатай бүрдлийг нарийвчлан шалгасан юм.
Монгол Улсын морьтон дайчдын багт Зэвсэгт хүчний 9 нэгтгэл, ангийн 21-31 насны офицер, ахлагч багтсан бөгөөд тэдний 80 гаруй хувь нь цэрэгжлийн спортын зэрэг, цолтой, уралдаан, тэмцээнүүдийн тэргүүлэгч, шилдэг тамирчид юм. Тэдний 30 гаруй хувь өмнө нь “Аравт” уралдаанд оролцож байсан туршлагатай.
“Аравт”-д эх орноо төлөөлж оролцож буй дайчдаар ахмад Б.Даваадорж (016), ахмад Б.Ариунболд (016), ахлах ахлагч Б.Батжаргал (084), Ө.Отгонбаяр (350), Б.Дэмчигсүрэн (150), ахлагч А.Алтансүх (084), П.Мөнхбат (350), П.Дондов (330), С.Билэгт (124), Г.Билгүүн (330), Б.Энхбаяр (015), Б.Түмэнбаяр (150), дэд ахлагч Г.Гансүх (326), Н.Тайванжаргал (327), Б.Пүрэвпэлжээ (084) нарын шилдэг залуус багтжээ.
Тасгийн ахлах дасгалжуулагчаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг ажиллаж байна.
Монгол Улсын багийн үүрэг гүйцэтгэлтэд цэгүүдийн болон хяналтын шүүгчээс гадна “Олон улсын шүүгчийн зөвлөл”-ийн гишүүн Бүгд Найрамдах Зимбабве Улсын ахлах дэслэгч Тендай Муфамбирви хяналт тавьж байна.