Цар тахлын улмаас сургууль хаагдсанаар дэлхийн 190 орны ойролцоогоор 1.6 тэрбум хүүхэд буюу сургуулийн насны нийт хүүхдийн 90.0 хувь нь танхимаар суралцах боломжгүй болсныг ЮНЕСКО энэ оны 5 дугаар сард мэдээлжээ (ЮНЕСКО, 2021). Өнөрсөн оны 11 сарын байдлаар дэлхийн 9 орны 38.2 сая суралцагч буюу нийт суралцагчдын 2.4 хувь нь танхимын сургалтад хамрагдах боломжгүй байсаар л байна.
Үүнээс үүдэн 24 сая хүүхэд сургууль завсардах, 370 сая хүүхэд үдийн хоолгүй, 17 их наяд доллар ирээдүйн орлогоос алдагдаж, 9 сая хүүхэд 2022 онд хүүхдийн хөдөлмөр эрхлэх нөхцөл байдалд хүрээд байна.
Хэрэв цар тахлын хоригийг боловсролын салбарт үргэлжлүүлбэл хүн төрөлхтний нэг үе ирээдүйд амьдралын чанар, бүтээмж, орлогоор бусад үеэс хоцрох эрсдэлтэй байгааг Дэлхийн банк 12 сарын тайландаа дурджээ.
Цар тахлын үед улс орнуудад тулгарсан нийтлэг нэг асуудал нь бүх шатны сургалтын байгууллагыг хаасан нөхцөлд хичээл, сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй, тэгш хүртээмжтэйгээр хэрхэн үргэлжлүүлэн зохион байгуулах вэ? гэсэн асуултад хариулт өгөх шаардлага нийгмийн өмнө тавигдсан.
Энэ асуултын хариулт, шийдэл бол орон зай, байршлаас үл хамаарч технологийн дэвшлийг ашиглан хичээл, сургалтыг зайн, цахим хэлбэрээр үргэлжлүүлэн зохион байгуулах нь оновчтой хувилбар гэж улс орнууд үзсэн байна.
Гэхдээ дэлхийн улс орнууд танхимын сургалтаас зайн, цахим сургалтад шилжихэд бэлэн байгаагүй гэдгийг ЮНЕСКО, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудаас хийсэн олон судалгааны үр дүн харуулсан. Танхимын сургалт урт хугацаагаар хаагдаж, зайн, цахим хэлбэрт шилжсэн энэхүү үзэгдлийг ЮНЕСКО дан ганц хичээл, сурлагын хоцрогдол бус, айдас, түгшүүр, сэтгэл санааны хямрал давхацсан “Нэгэн үеийн сүйрэл” хэмээн Боловсролын сайд нарын өндөр хэмжээний уулзалтын үеэр 2021 оны 3 дугаар сард тодорхойлсон талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр (2022.01.07) Улсын Их Хурлын чуулган дээр мэдэгдлээ.