Омикрон дэлхийн 140 гаруй улс оронд бүртгэгдсэн. Их Британи, Франц, Итали, АНУ-д халдварын тоо эрс нэмэгдсэн. АНУ-д өдөрт нэг сая орчим хүн өвдсөн нь бүртгэгдэж байгаа. Өмнөд Солонгос улсад зөөвөрлөсөн 703 тохиолдол, дотоодын 615 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Японд 1000 орчим, ОХУ-д 103 зөөвөрлөсөн тохиолдол, БНХАУ-д зөөвөрлөсөн 3 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр улсуудад илэрч байгаа шинж тэмдэг хөнгөн, томуу хэлбэрийн шинжтэй байгаа. Өмнөд Африкт омикроны давлагаа сар орчим үргэлжилсэн. Омикроны давлагаа нэг сар орчим болоод буурч байгаа зүйл ажиглагдаж байна. Их Британи зэрэг томоохон улсууд давлагаанд өртсөн ч дунд сургуулиудын үйл ажиллагааг эхлүүлсэн байгаа.
Манай улсын хувьд бид вакцинд хамрагдах түвшин өндөр, өвчлөлийн дараах дархлаа ч гэсэн өндөр учраас тодорхой хэмжээнд эрсдэл бага байна гэж үзэж байгаа. Хэрэв омикрон давлагаанд өртсөн тохиолдолд хөл хорио тавихгүй байх бодлогыг бид барьж байгаа.
Улс орнуудын судалгаанаас харахад омикроны үед гэр бүл доторх халдвар 5 дахин нэмэгдсэн байгаа. Гэр бүлийн гишүүдийн аль нэг нь өвдсөн тохиолдолд бусад гишүүд өвдөх магадлал өндөр байна. Улс орнууд зөвхөн хүнд шинж тэмдэгтэй өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтүүлж, бусад өвчтөнүүдийг гэрт нь тусгаарлаж байна.