Дэлхий нийтийг хамарсан цар тахал (КОВИД-19)-ын халдвараас сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор манай улс бүх шатны сургалтын байгууллагын танхимын сургалтыг 2020 оны 1 дүгээр сараас зогсоож, хичээл, сургалтыг 2 жил зайн, цахим хэлбэрээр зохион байгуулсан.
Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд 2019-2020 оны хичээлийн жилд танхимаар хичээллэх нийт өдрийн 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 62.5-68.0 хувийг тус тус зайн, цахим хэлбэрээр гэр бүлийн орчинд суралцжээ.
Танхимын сургалт зайн, цахим хэлбэрт шилжсэн хугацаанд боловсрол, сургалтын үйл ажиллагаа тасралтгүй байх зарчим баримтлан 5,756 теле хичээл, 104 интерактив хичээл, 2,775 цахим хичээл, 50 цахим контент, радио болон аудио 30 хичээлийг тус тус бэлтгэн тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор дохионы хэл, тува, казах хэлний орчуулгатайгаар телевиз, радиогоор дамжуулан хүргэх ажлыг телевизүүдийн холбоо, хувийн хэвшил болон олон улсын байгууллага (Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан)-тай хамтран зохион байгуулсан байна.
Мөн теле хичээлүүдийг онлайн хэлбэрээр www.econtent.edu.mn сайтад байршуулснаар сурагчдыг хүссэн үедээ хичээлээ нөхөж болон давтан үзэх боломжоор хангасан. Теле хичээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас үүрэн холбооны оператор компаниудтай хамтран www.econtent.edu.mn. вэб сайтад байршуулсан теле хичээл болон төгсөх ангийн сурагчдад зориулан www.help.eec.mn,
www.eyesh.eec.mn сайт руу үнэ төлбөргүй /дата/ нэвтрэх боломжийг бүрдүүлжээ.
Цар тахлын үед төгсөх ангийн сурагчдын хичээл, сургалтад тусгайлан анхаарч, тэдэнд зориулсан онлайн сургалтын талбарыг үүсгэн цахим хичээлийг улсын хэмжээнд X-XII ангид хичээл зааж байгаа шилдэг 602 багш удирдаж, хот, хөдөөгийн сургуулийн ахлах ангийн 30.1 мянган сурагч онлайн хичээлд хамрагдсан.
Энэхүү арга хэмжээ нь хөдөөгийн сургуульд сурч байгаа хүүхдэд өөрийн сургуулийн багшийн хичээлээс гадна бусад аймаг, нийслэлийн сургуулийн шилдэг багшийн хичээлд хамрагдах, бусдаас суралцах, хамтран хөгжих боломж олгоход чиглэсэн.
Хичээл, сургалтын үйл ажиллагаа зайн, цахим сургалтад шилжсэн цаг үед сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг тэгш хүртээмжтэй хангах үүднээс тэдний онцлог, ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн сурах үйл явц, сургалтын материалд тохируулга хийх, видео, аудио болон подкаст хэлбэрээр цахим хичээлийн агуулгыг хүргэх, ганцаарчилсан дэмжлэг үзүүлэх, шаардлагатай сургалтын хэрэгсэл, төхөөрөмж нийлүүлэхэд Засгийн газар олон улсын хөгжлийн түнш байгууллагатай хамтран ажиллалаа.
Теле хичээлээс гадна сургуулиуд Google Drive, Google Form, Zoom, Moodle зэрэг программуудыг ашиглан цахим анги үүсгэн хичээл, сургалтаа зохион байгуулж, теле хичээлтэй холбоотой тайлбар, давтлага өгөх, сурагчдаас шалгалт, сорил авах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж, шинэ шинэ туршлагууд хуримтлуулж чадсан гэж байлаа.
Зайн, цахим сургалтад шилжсэн цаг үед тэгш, хүртээмжтэй боловсролын үйлчилгээг хүүхэд бүрд хүргэхэд багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчийн хамтын ажиллагааг дэмжихэд бүх талын оролцоо, дэмжлэг чухал байсан. Гэхдээ хүүхдийн амьдарч буй орчин, байршил, гэр бүлийн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, амьдрах хэв маягаас шалтгаалан зайн, цахим хичээлийн хүртээмж, чанар бидний бодсон шиг байж чадсангүй.
Тухайлбал, эрчим хүчний хангамж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хүртээмжгүй байдал болон бусад шалтгаанаар алслагдсан бүс нутагт амьдарч байгаа өрхийн 178,5 мянган сургуулийн хүүхэд теле болон цахим сургалтад хамрагдах боломжгүй байдалд хүрсэн. Энэ нь биднийг цахим, зайн сургалтаас гадна өөр хувилбаруудыг бий болгох хэрэгтэйг илтгэж байна.
Цахим, зайн сургалтын чанар хангалтгүй байсныг эцэг эх, асран хамгаалагч шүүмжилж байна. Багш нарын мэдээлэл харилцаа, технологийн ур чадвар, сургалтын нэгдсэн дэд бүтэц харилцан адилгүй байсан нь чанар хангалтгүй байхад нөлөөллөө. Яамны зүгээс боловсролын цахим шилжилтийн хүрээнд сургалтын нэгдсэн платформыг хөгжүүлэх, багш нарын цахимаар ажиллах чадавхыг сайжруулах, цахим агуулга, хэрэглэгдэхүүний стандарт, шаардлагыг боловсруулахаар ажиллаж байна гэв.
Түүнчлэн теле хичээл хүртээмж сайтай ч эргэх холбоо сул талтайг анхаарч багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчийн хамтын ажиллагааг дэмжсэн эргэх холбоог сайжруулах зорилгоор салбарын яамнаас багш нарт зориулсан зөвлөмж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдад “Гэр бүлд суурилсан хөгжлийн дэмжлэг үзүүлэх зөвлөмж”-ийг тус тус боловсруулан хүргүүллээ.
Эцэг, эх, асран хамгаалагчдаас бага анги болон хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын хувьд зайн, цахим сургалт тохиромжгүй байна гэж шүүмжилж байгаа. Тэд бага ангийн хүүхдийн хувьд анхаарал төвлөрөх, бие даан ажиллах чадвар хангалттай төлөвшөөгүй учраас хүүхдүүд гэрийн орчинд тогтож хичээлээ хийхэд хүндрэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийн хөгжлийн түвшин ялгаатай, түүнийг теле хичээлээр шийдэх гэж оролдох нь тохиромжгүй гэж үзсэн. Энэ санал, шүүмжлэлийг бид анхаарах ёстойг салбарын сайд мэдээлэлдээ онцлон тэмдэглэсэн.
Хичээл, сургалтыг тасралтгүй үргэлжлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авсан хэдий ч хүүхдэд хүрч ажиллах чиглэл баримтлан сургуулийн удирдах ажилтан, багш нар гэрээр нь зочилж, хичээлийн явц, гүйцэтгэлтэй танилцах, дасгал ажлын хэвлэмэл ном, гарын авлага тараах зэрэг нэмэлт зохион байгуулалтыг хийж ажилласан сайн туршлага хот, хөдөөгийн олон сургуульд байна.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим сургалтын платформ бий болгож, цахим агуулга хөгжүүлж, бэлтгэнэ; Зурагт болон интернэтгүй өрх, хүн амыг цахим сургалтад хамрагдах боломжийг бий болгохын тулд тохирсон сургалтын хэлбэр, хувилбаруудыг судалж, бэлтгэнэ; цахим сургалтын тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэж тус тус тусгасны дагуу үндэсний хэмжээнд цахим сургалтын платформ бий болгож түүгээр дамжуулан бүх нийтэд зориулсан цахим контент боловсруулах, сургалтад ашиглах зорилгоор MEDLE.mn платформыг 2021 оны 6 сараас эхлэн хөгжүүлж байна.
Одоогийн байдлаар энэ платформд 1-12 дугаар ангийн 419 хичээл байршиж, 1.0 сая иргэн хандсан статистик тооцоо гарсан байна. Цахим контент бэлтгэх, цахим хичээлийн санг бүрдүүлэх, баяжуулах, сургалтад мэдээллийн технологийг бүрэн ашиглах, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн үед хичээл, сургалтын бэлэн байдлыг хангах зорилгоор улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 21 аймаг, нийслэлийн боловсролын газар, ерөнхий боловсролын 45 сургуульд цахим контент бүтээх бичил студи байгуулах ажлыг эхлүүлжээ.
Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2020 онд хийсэн “Хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн асуудал, эрсдэлийг илрүүлэх судалгаа”-гаар сурагчдын 76,8 хувь нь сэтгэл зовнилтой байна, 6-13 насны хүүхдүүд стресс бухимдал хэвийн үзүүлэлтээс өндөр бөгөөд сурагчдын дийлэнх нь КОВИД-19 цар тахлаас, сурлагаар хоцрогдохоос айж байгаа тул энэхүү айдсыг багасгахад дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай байна гэж судалгаанд дурдагдсан байна.
Сургуулийн орчинд үзүүлдэг байсан хүүхэд хамгаалал, нийгэм, сэтгэл зүйн бусад үйлчилгээнүүд зогссоны улмаас хүүхдүүд гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж, гэмт хэрэгт холбогдож байна. 2021 оны 11 сарын байдлаар гэмт хэргийн улмаас 1223 хүүхэд хохирч, 75 хүүхэд нас барж, 494 хүүхэд гэмтсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.9 хувиар нэмэгдсэн байна. Иймд энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуульд боловсролын сэтгэл зүйчийг ажиллуулж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 121 сургууль (төрийн өмчийн 99 сургууль) -д нийт 124 ( төрийн өмчийн сургуульд 102) мэргэшсэн сэтгэл зүйч ажиллаж байна гэв.
2021-2022 оны хичээлийн жил хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимын, танхимын бус хосолсон хэлбэр (5/9 хувилбар)-ээр 2021 оны 9 дүгээр сараас зохион байгуулах; Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх; Боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх; Сургуулийн сэтгэл зүйч ажиллуулах; Үдийн хоол хөтөлбөрийг бага ангийн сурагчдад хэрэгжүүлэх; Цэцэрлэг, сургуулийн нүхэн жорлонг шинэчилж, орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох; Нийслэлийн зарим цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулсан онцлогтойгоо эхэлжээ.
Танхимын хичээл, сургалтын үйл ажиллагаа урт хугацаагаар хаагдаж, зайн, цахим хэлбэрт шилжсэний улмаас 3 дугаар ангийн сурагчдын хувьд нэг жилийн хичээлтэй тэнцэхүйц хичээл, сурлагын хоцрогдол үүссэн бөгөөд дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд 50 хувийн алдагдлыг нөхөх боломжтой хэмээн тооцсныг салбарын сайд мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ багштайгаа нүүр тулж харилцдаг танхимын сургалтыг зайн, цахим сургалт бүрэн орлож чадахгүйгээс сурагчдын тухайн ангид эзэмших ёстой мэдлэг, чадварт тодорхой алдагдал үүссэн болохыг олон улсад хийсэн судалгааны үр дүн харуулсан. Теле, цахим хичээлийн үргэлжлэх хугацаанд тавигдах шаардлагаас болж тухайн хичээлийн агуулгыг танхимд судлах хугацааны 20 орчим хувьд багтаан сурагчдад хүргэсэн нь сурлагын хоцрогдолд онцгой нөлөөлж байна гэж байлаа.
Сурагчдын дунд үүссэн сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгасан. Хоцрогдлыг нөхөх арга хэмжээг 3R буюу эргэн холбох, нөхөх, тогтворжуулах гэсэн 3 шатлалтайгаар 2021-2023 онд хэрэгжүүлэх юм. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 373.0 тэрбум төгрөг шаардагдана. НҮБ-ын Хүүхдийн Сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Японы Хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага дээр дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: “Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар” Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн Улсын Их Хурлын чуулганы (2022.01.07) хуралдаанд хийсэн мэдээлэл