Казахстаны Мангистау мужид нөхцөл байдал тогтворжиж, бүх байгууламж, хотын үйлчилгээ хэвийн ажиллаж эхэлсэн хэмээн мужийн комендант Жанарбек Бактыбаев мэдэгджээ. Казахстаны баруун хэсгийн Мангистау мужийн засаг захиргааны төв Актау хотын оршин суугчид эсэргүүцлийн жагсаал хийж, замын хөдөлгөөнийг хаасанд дургүйцэж байсан юм.
Каспийн зүүн эрэгт орших бүс нутгийн төвийн оршин суугчид хэсэг бүлэг болж, жагсагчдыг замаас гаргахыг оролдсон байсан ч бүс нутагт байдал тогтвортой байна. Объектууд болон хотын үйлчилгээ хэвийн ажиллаж эхэлжээ хэмээн Sputnik мэдээлжээ.
Гэхдээ тус бүс нутгаас гарах гарц болон суурин газруудын хооронд хяналтын постуудыг байгуулж, гудамжинд зэвсэгт эргүүлүүд үүрэг гүйцэтгэсэн хэвээр байгаа юм байна.
Казахстанд 2022 оны эхний өдрүүдэд олон нийтийн эсэргүүцлийн жагсаал эхэлж, тус улсын баруун хэсэгт орших Жанаозен, Актау хотын оршин суугчид шингэрүүлсэн хийн үнийг хоёр дахин нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн билээ.
Эсэргүүцэл яваандаа олон хотуудад тархаж, тэр дундаа хуучин нийслэл, бүгд найрамдах улсын хамгийн том хот болох Алма-Ата руу тархан, тэнд дээрэм тонуул эхэлж, зэвсэгт этгээдүүд төрийн байгууллагууд руу дайрч, зэвсгийг булаан авсан юм.
Үүний хариуд эрх баригчид нэгдүгээр сарын 19-нийг хүртэл улс орон даяар онц байдал зарлаж, терроризмын эсрэг ажиллагаа явуулсан бөгөөд НҮБ-ын мэдээлснээр Казахстанд болсон жагсаалын үеэр 1000 орчим хүн шархадсан байна.
Бүгд найрамдах улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, аюулгүй байдлын 18 ажилтан амь үрэгдсэн байна. Нэгдүгээр сарын 5-ны өглөө Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Засгийн газраа огцруулж, бүгд найрамдах улсын Аюулгүйн зөвлөлийг тэргүүлж, анхны төрийн тэргүүн Нурсултан Назарбаевыг албан тушаалаас нь чөлөөлсөн юм.
Түүний тэргүүлсэн Аюулгүйн зөвлөлийн анхны хуралдаан дээр Токаев Казахстанд үүссэн нөхцөл байдлыг төрийн бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлж байна гэж тодорхойлж, “террорист аюулыг даван туулахад” ХАБГБ-аас тусламж хүссэн гэдгээ мэдэгдэж байсан.
ХАБГБ-ын (Хамтын аюулгүй байдлын зөвлөл) Казахстанд энхийг сахиулах хамтын хүчээ илгээж, улс орны нөхцөл байдлыг хэвийн болгох шийдвэр гаргасан бөгөөд нэгдүгээр сарын 7-нд Токаев алан хядагчид, тэр дундаа гадаадаас ирсэн хүмүүс эсэргүүцсээр байгааг зарлаж, зэвсгээ тавиагүй хүмүүсийг устгахаа амласан юм.
Эх сурвалж: RIA