Хятадын эрдэмтэд “COVID-19”-ийг Уханийн вирус судлалын хүрээлэнгийн лабораторид гарган авсан гэх хангалттай нотлох баримт байгаа талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ням гаригт мэдэгдлээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мөн шинэ коронавирусийг Хятадын лабораториос алдагдсан гэдэгт итгэлтэй байгаагаа ярьсан юм.
Майк Помпео хэлэхдээ “Энэ бүхэн хаанаас эхэлснийг батлах томоохон баримт бидэнд байгаа. Вирус Хятадын Ухань хотын лабораториос гаралтайг бид анхнаасаа хэлж байсан. Одоо дэлхий нийтээрээ үүнийг мэдэх цаг болсон. Хятад улсын стандартын бус лабораториудаас вирус алдагдаж, дэлхийд тарж байсан түүх бий. Энэ бол анхны тохиолдол биш” гэж Помпео ярьсан байна.
Харин тэрбээр ярилцлагынхаа үеэр ямар нэг баримт дэлгээгүй байна.
Энэхүү ярилцлагын дараа Калифорнийн Их сургуулийн халдварт өвчин судлаач Жонна Мазет ийм боломж бараг байхгүйг хэвлэлд ярьжээ. Тэрээр Ухань хотын Вирологийн Хүрээлэнд ажиллаж байсан хүн ажээ.
Өнгөрсөн пүрэв гаригт АНУ-ын Тагнуулын байгууллага “COVID-19” вирусийг лабораторид генетикийн аргаар гарган аваагүй гэх шинжлэх ухааны судалгаатай санал нэгдэж байгаа талаараа мэдэгдээд байв. АНУ-ын Үндэсний тагнуулын агентлагийн албан тушаалтнууд тагнуулын мэдээ, дүн шинжилгээг үндэслэн Хятадын эрдэмтэд болон Засгийн газар шинэ коронавирусийг бактерлогийн зэвсэг хэлбэрээр лабораторид гарган авсан гэх мэдээг хэдэн долоо хоногийн турш үгүйсгэсэн билээ.
Анх Коронавирус Ухань хотод дэгдэж эхлэхэд дэлхийн хэвлэлд уг вирусыг лабораториос гаргаж авсан, мөн биелогийн зэвсэг гэх мэдээлэл нэлээн явсан юм.
Коронавирус Хятадын биологийн зэвсэг бүтээж байсан нууц лабораториос алдагдсан байж болзошгүй
М.Баяр