*Хятадын биологийн зэвсэг боловсруулах үйл ажиллагаанд оролцож байсан Вирус судлалын хүрээлэн Ухань хотноо хэдэн жилийн өмнө нээгдсэн юм. Гэтэл энэ хүрээлэнгийн үйл ажиллагаа өвчин дэгдэх шалтгаан болов уу?*
Үхлийн аюул тээсэн коронавирус Хятад даяар тархсаар, өөр улс орнуудын ч үүдийг тогшоод эхэлжээ. Энэ вирус хаанаас үүссэн болох нь одоо болтол нарийн тодорхой болоогүй. Шинжээчид энэ вирусын эх үүсвэр нь загас, далайн хүнс зардаг Уханийн “нойтон зах” байж магадгүй гэж үзэж байгаа юм.
Үнэхээр ч Хятадын нойтон зах бол нян, бичил биет хамгийн их өсөж үрждэг газар. Энд бүтээгдэхүүний чанарын хяналт маш сул, махыг эрүүл ахуйн бус орчинд хуваан борлуулдаг. Дээр нь төвийн ус, бохирын шугамд холбогдоогүй.
Гэхдээ 2019-nCoV коронавирусын дамжуулагч нь юу вэ гэдэг нь одоо болтол тогтоогдоогүй юм. Могой, тэнгисийн наж, сарьсан багваахай, тэр ч бүү хэл зараанаас ч болсон гэж хэлж байгаа. Шинэ төрлийн вирусын уушгины хатгалгааны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо өссөөр л байна. Энд урьдчилан сэргийлэх вакцин байхгүй.
Эз нь таарсан уу, Хятадад анх карантин зарласан Ухань хотод Хятадын биологи-химийн нэр хүндтэй лаборатори байоладаг юм. Гэхдээ энэ лабораторийн мэргэжилтнүүд коронавирусээс аврах гарцыг олж чадах болов уу? Мөн тэдний буруугаас болоод үл мэдэгдэх штамм дэгдсэн юм биш биз?
Битүү хувцастай явдаг лаборатори
Уханийн вирус судлалын хүрээлэн 2018 оны нэгдүгээр сард нээгджээ. Лаборатори дөрөвдүгээр буюу хамгийн дээд зэргийн аюулгүйн түвшинтэй. Энд Эбола вирус зэрэг үхлийн аюултай өвчин үүсгэгч аюултай бичил организмтай туршилт явуулдаг байв. Хүрээлэнгийн барилга, тоног төхөөрөмжид 44 сая доллар зарцуулсан гэдэг.
Хятадын засаг захиргаа 2002-2003 онд а хэлбэрийн уушгины хатгалгааны дэгдэлт гарснаас хойш BSL-4 өндөр технологийн лаборатори байгуулах санаа шулууджээ. Тухайн үед энэ өвчний улмаас 800 гаруй хүн амиа алдсан юм. Тиймээс Хятадад шинэ вируст өвчлөлтэй тэмцэх, вирусын цэвэрлэсэн штамм хадгалах, өөрийн гэсэн вирусы номын сантай болох дэвшилтэт төв байгуулахаар шийджээ.
Дөрөвдүгээр түвшний лабораториуд дэлхий дээр тийм ч олон биш. Уханийн хүрээлэн цорын ганц гэхэд болно. Ажлын нөхцөл, аюулгүй байдал нь маш хатуу бөгөөд судлаачид тусгай хувцас өмсөж, лабораторийн тоног төхөөрөмжид хүрэхээс өмнө болон дараа нь халдваргүйжүүлэх шүршүүрт орохыг шаарддаг.
Гэхдээ Уханийн вирус судлалын хүрээлэн зөвхөн аюултай өвчний эм хайх үйл ажиллагаа явуулдаггүй. Энэ лабораторийг биологийн зэвсэг бүтээх төрийн нууц хөтөлбөрт оролцож байсан гэж Израилийн тагнуулын офицер асан Дэни Шохам мэдэгджээ. “Лабораторийн зарим хэлтэс нь Хятадын биологийн зэвсэг боловсруулах ажилд оролцож байсан” гэж тэрбээр тэмдэглэжээ.
Харин НҮБ-ын Биологийн зэвсгийн асуудал эрхслэн комиссын гишүүн асан Игорь Никулин “Вирус био лабораториос гарч байж магадгүй гэдэгт би эргэлзэж байна. Цаг хугацаа, газраа маш төгс сонгожээ. Ухань бол энэ улсын яг төв, тээврийн томоохон зангилаа газар. Халдвар Хятадын цагаан сарын өмнөхөн дэгдлээ. Хэрвээ энэ хорлон сүйтгэх ажиллагаа бол дотоодоосоо гэхээсээ илүү гаднаас нөлөөтэй. Хүмүүсийг уушгины хатгалгаа, шувууны ханиад, гахайн ханиад зэрэг вирусээр хордуулна гэдэг бол англосаксон, америкчуудын тактик” хэмээн тэрбээр тэмдэглэжээ.
“Тахал удахгүй намжина”
Хятадад био лаборатори нээгдэж байгаа тухай мэдээг барууны эрдэм шинжилгээний байгууллагууд тун таагүйхэн хүлээн авсан юм. Тэд Хятадыг тахал гарсан үед онц байдлын систем нь сул гэж байлаа. Өөрөөр хэлбэл хангалттай хэмжээний эмийн нөөц байхгүй гэж байв.
Рутгерсийн их сургуулийн биологич Ричард Эрбрайт Хятадад ямар ч нөхцөлд аюултай вирусын судалгаатай холбоотой нөхцөл байдал хяналтаас гарч магадгүй гэж мэдэгдсэн байна. Энэ нь Хятадын судлаачид вакцин, төрөл бүрийн эмийн туршилтаа сармагчин дээр явуулдагтай холбоотой. Сармагчнууд зугтаж гараад аюултай өвчнийг тарааж ч болзошгүй. Яг ийм явдлаас 2019-nCoV вирус ч дэгдсэн байх магадлалтай.
“Вирус Хятадад үүссэн нь ойлгомжтой байна. Уур амьсгал, амьтан, хүн амын тоо гээд. Гэхдээ коронавирус лабораториос халдагдсан гэдэг нь магадлал бага зүйл” гэж Оросын И.И.Мечниковын нэрэмжит Вакцин, ийлдсийн судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн харшлын өвчний вакцины урьдчилан сэргийлэлт, дархлалын эмчилгээний лабораторийн эрхлэгч, анагаах ухааны доктор Михаил Костинев мэдэгдэж байна.
“Ийм лабораториудыг бүтээхэд газар доорх байгууламжтай байх, тодорхой тооны давхартай байх, агааржуулалт, шүүлтүүрийн тусгай системтэй байх гээд шаардлага байдаг. Үүнд олон улсаас гэрчилгээ олгодог. Хэрвээ вирус лабораторид тархсан бол хүрээлэнгийн ажилтнуудын дунд халдвар дэгдсэн байх учиртай. Гэтэл тийм зүйл болоогүй. Энэ тахал бүс нутгийг л хамарч, удахгүй намжина гэж бодож байна. Хамгийн гол нь голомтыг хааж, тархаахгүй байх нь чухал. Мөн хувийн ариун цэврээ хангах ёстой” гэж тэрбээр мэдэгджээ.
Эх сурвалж: kp.ru