ТӨВӨДӨД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ
Д.ДАВААСҮРЭН, Я.ГАНБААТАР
Бидний хэдэн нөхөд саяхан Төвөдөд зорчоод ирлээ. Төвөдийн Линжи хотод болсон олон улсын арга хэмжээнд оролцонгоо Лхас хотод саатаж хэд хонов. Лхас хот Бээжингээс 3500 км-ийн хол оршдог гэхээр Улаанбаатараас бол даруй 4500 км-ийн тэртээд оршдог байж таарна. Дэлхийн дээвэр, Цастын орон, Бурхны орон, Шамбалын орон гэх зэргээр олон янзаар хүндлэн нэрлэж бишрэн дээдэлж ирсэн энэ газар орныг бурхны шашинт монголчууд бид сайн мэднэ гэж боддог ч хэрэг дээрээ тийм сайн мэддэг гэж үү?
Монголчууд XX зуунд 70 гаруй жил социализмын замаар замнаж, шашингүйн үзлээр хүмүүжих болсноор Бурхны шашнаас үндсэндээ хөндийрчихсөн болохоор үнэндээ, Төвөд, Лхаса, Цаст Шамбалын орны тухай ойлголт үгүй болсон доо. Үүнийгээ бид Төвөдөд зорчсон энэ хэд хоногт олж мэдлээ. Ингээд монголчуудын хувьд Бурхны ариун дагшин орон гэгддэг Төвөдийн тухай өгүүлсүгэй.
Улаанбаатараас төчнөөн хол зайтай оршдог Төвөд орон, түүний төв Лхас хот 3600 гаруй метрийн өндөрт оршдог тул биднийг онгоцноос буухад тосч авсан Төвөдийн Өөртөө Засах Орны Засгийн газрын Гадаад харилцааны албаны хүмүүс баахан зөвлөмж өгөв. Тэр өндөрт очсон хүмүүст агаар сийрэг, хүчилтөрөгч бага “өндрийн нөлөө” тусдаг тул дасах гэж хэд хонотлоо даралт ихсэх, хүзүү хөших, толгой өвдөх, ядарч сульдах зэрэг шинж тэмдэг ажиглагддаг гээд, нуруундаа арав гаруй кг ачаа үүрч яваа юм шиг тийм ачаалал ирдэг тул эхний хоёр хоногт удаан хөдлөх, бага ярих, бага идэх, усанд орохгүй байх зэргийг зөвлөв.
Үнэхээр ч тэр өдрийн оройгоос “өндрийн нөлөө” мэдрэгдэж, бие эвгүйцэн хүзүү толгой хөшиж эхэллээ. Биднийг угталцсан хүмүүсийн дунд хоёр эмч байнга дагалдан зүрхний цохилт, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг байнга хэмжиж, нэг нэг баллонтой хүчилтөрөгч бариулсан нь аминд орж эхэллээ. Гэхдээ л Лхаст саатсан хэд хоногийн хугацаанд ахиухан юм үзчих санаатай хөтөлбөрт тусгасан бүх арга хэмжээнд идэвхийлэн оролцов.
Үе үеийн Бурхны шашны оройн дээд чимэг Далай лам нарын заларч асан Будала ордон Лхаса хотын төв дунд агч, манай Зайсан толгой шиг толгойн оройд сүрлэг сайхнаар сүндэрлэх нь харсан хэн бүхэнд өөрийн эрхгүй бишрэн сүслэх сэтгэл төрүүлнэ. Төвөдийн анхны эзэн хаан Соронзон Гомбо тэртээх 7 дугаар зууны үед буюу 637 онд Хятадын Тан улсаас буулгасан Вэнчэнь гүнждээ зориулж шавыг нь тавьсан энэ ордон түүнээс хойш хэдэн зууны туршид тэлж өргөжсөөр XVII зууны үед өнөөгийн энэ дүр төрхөө олжээ.
Будала ордон аргагүй л дэлхийн соёлын өвд багтахуйц аварга том барилга байгууламж ажээ. Толгойн орой, энгэрийг түшүүлэн, нүүрэн талыг нь өмнө зүгт хандуулан давхарлаж барьсан энэ ордон нийт арван гурван давхар агаад, улаан, цагаан өнгө хосолмол учраас Улаан ордон, Цагаан ордон гэж бас нэрлэх ба Улаан ордонд төрийн хэрэг явдал, Цагаан ордонд нь шашны зан үйл явагддаг байжээ. Будала ордонд хэд хэдэн Далай ламын шарилын суварга буй нь бүгд цул алтаар бүтсэн байх юм. V Далай ламын шарилын суварга гэхэд 3.6 тонн бол VII Далай ламынх 1.4 тонн цул алтаар бүтээгдсэн байх жишээтэй.
Өнөөдөр энд шашин номын уншлага, аливаа зан үйл байхгүй, үе үеийн Далай лам нарын намтар цадиг, үйл ажиллагаа, амьдрал ахуйг нь харуулсан музей болсон байна. Тиймээс гадна, дотнын аянчин гийчин, аялагчид жуулчид олноор ирж үздэг их хөлийн газар болжээ. Жил бүрийн хавар 5 дугаар сараас намар 10 дугаар сарыг дуустал жуулчид түлхүү их ирдэг агаад 2018 онд 3.7 сая жуулчин ирсэн бол энэ жил энэ тоо бүр нэмэгдэх төлөвтэй гэнэ. Аргагүй л аялал жуулчлалын брэнд болсон газар гэж ийм байдаг байх даа. Манайд бол дэлхийн хэмжээний ийм брэнд болох газар бол яах аргагүй Чингис хааны төрсөн нутаг, Бурхан Халдун уул юм даа.
Төвөд нутаг, Лхас хот, ариун Шамбалын оронтой монголчууд олон зууны туршид ойр холбоотой явж ирсэн. Бидний сайн мэддэг “Цогт тайж” киног тун бодитой, үнэмшилтэй хийж гэж бодогдоно. Тэр уул улс, хот тосгон, сүм хийд, байшин барилга яг л ийм дээ гэмээр.
Төвөдийн байшин барилга тэг дөрвөлжин, нарийхан босоо цонхтой, дээвэр хаалга нь өвөрмөц хээ угалзтай аж. 1636 онд Халхын Цогт хун тайж их цэрэг, харьяат албат зуу шахам мянган хүнээ дагуулан Төвөд рүү нүүдэллэн очиж зарим нутгийг нь эзлэн суугаад, улмаар Төвөдийн нийслэл Лхасыг дайлахаар хүү Арслангаа илгээдэг тэр үйл явдал нүдний өмнүүр жирэлзэнэ. Энэ бол түүхэн их үйл явдал билээ. Будала ордны аль нэг тагтан дээр Төвөдийн Ерөнхий сайд Дэсрид Санжайжамц шадар нэгэнтэйгээ Цоохор Цогтыг хэрхэн дарах тухай хэлэлцэж, холбоолж амжсан Зүүнгарын хаант улсын Төрбайх гүүш хааны цэргийг иртэл торгоох хэрэгтэй байна.
Яахав? хэмээхэд нөгөөх нь “Төрийн хэрэгт эм хүнийг ашиглах ёсон буй” хэмээгээд ханцуйдаа жуумалзаж буй кадрууд үзэгдэх шиг. Төвөдийн төр, шарын шашныг хамгаалж Цогт тайжийн цэрэгтэй байлдахын тулд, хэдхэн жилийн өмнө Ижил мөрөнд нүүж очоод байсан торгуудуудаас хүртэл цэрэг ирсэн гэхээр ямархан чухал үйл хэрэг, ямар том байлдаан болсон нь ойлгомжтой. Монголчууд монголчуудтайгаа байлдаж цус урсган дарсан тэр их байлдаан 1637 оны хавар Лхасын ойрхон Шар хошуу гэдэг газарт болсноос хойш тэр газрыг Улаан хошуу гэдэг болсон гэнэм. Цогт тайж ялагдсан тэр явдлаас хойш Төрбайх гүүш хаан Төвөдийн хаан болж Лхаст суусан түүхтэй.
Монгол, Төвөд үндэстэн голлон шүтэж ирсэн Бурхны шашны шарын урсгалыг XIV зууны хоёрдугаар хагаст үндэслэсэн Богд Зонхов монгол хүн байсан билээ. Аливаа шашинд шинэчлэл хийнэ, шинэ урсгал бий болгоно гэдэг хэдэн зуун жил, мянганд ховор тохиох том үйл явдал билээ. Христийн шашинд шинэчлэл хийж Протестант урсгалыг үндэслэсэн Мартин Лютер XV зууны үеийн Герман оронд амьдарч байсан бол Буддизмд шинэчлэл хийr шинэ урсгал үндэслэсэн Богд Зонхов түүнээс 100 жилийн өмнө Цастын оронд аж төрж, сургаал номлолоо номлож өнгөрчээ. Түүнийг хоёрдугаар Бурхан багш, Шагжмунийн хойт дүр хэмээдэг. Буддизмыг үндэслэгч Сидхарта Гаутама “Мянган жилийн дараа миний хойт дүр мэндэлж миний үүтгэсэн шашинд шинэчлэл хийнэ” хэмээн эш үзүүлсэн гэдэг домог чухам ийм учиртай гэнэм.
Түүнээс хойш 1577 онд Түмэдийн Алтан хаан Хөххотын газраа Төвөдийн Бурхны шашны тэргүүнийг урин залж түүнд “Далай лам” цол шагнан, Монгол газарт шашин дэлгэрүүлэх, монголчуудыг шашин номд оруулах зорилт тавьснаар Монгол нутагт Бурхны шашин зургаантаа дэлгэрэх үүд эхлэлийг тавьжээ. Нийтийн тооллын өмнөх V зуунд Жагарын орноо үүссэн Буддизм хоёр мянганы заагаар буюу нийтийн тооллны өмнөх II зуун гэхэд Төв Азид нэвтрэн дэлгэрч эхэлсэн байдаг.
Тэр бол монголчуудын өндөр дээд өвөг дээдэс болох Хүн гүрний үе юм. Хятадын түүх бичлэгт Хятадын Хан улсын их цэрэг Хүннүгийн Баруунгарыг байлдан эзлээд гурван жан өндөр алтан хүнийг нь олзлон авч нийслэл хотдоо аваачин хааны ордондоо залсан тухай тэмдэглэсэн бий. 3 м өндөр тэр алтан хүнийг Бурхны цутгамал сэрэг дүр байсан гэж эрдэмтэд үздэг.
Дараа нь 4 дүгээр зууны үед Сяньби нар Төвөд, Энэтхэгтэй харилцаж, лам элчис заран Бурхны ном судар, зан үйлийг өвлөж авчирсан түүхтэй. Сяньбичууд Бурхны шашны олон арван сүм хийд байгуулж, шашин дэлгэрүүлж байсны өв дурсгал өдгөө хойд Хятадын нутагт Мөгао, Дуньхуан, Юньган зэрэг агуйн цогцолборуудыг үлдээжээ. Түүний дараа монголчуудын язгуурын өвөг дээдэс гэгддэг Хитанчууд Бурхны шашныг уламжлан авч хөгжүүлсэн түүхтэй. Ялангуяа бурхны шашнаар дамжуулан Энэтхэг, Балбын орноос өвлөн авсан хитанчуудын уран барилга, урлаг, ном судар хэвлэх арга ухаан гайхамшигтай.
Түүний дараа Монгол газарт Бурхны шашин сэргэн дэлгэрсэн түүх XIII зуунд холбогдох агаад Монголын эзэнт гүрний тавдугаар их хаан Хубилай Төвөдийн шашны тэргүүн Гунгаажалцанг хүүгийнх нь хамтаар залж ирүүлэн, улмаар хүү Пагва лам Лодойжалцанг нь хааны багш, улсын багшаар өргөмжилж, төр, түмнийг жолоодох “Хос ёсны бодлого”-оо үүтгэжээ.
Энэхүү хос ёсны бодлого хэмээгч нь төр улсыг иргэний буюу Күнзийн сургаалиар залж, түмэн ардыг шашны буюу Буддын сургаалиар жолоодох арга ухаан байчухуай. Ерөөс Хубилай хаан бол Махгал бурхныг онцгойлон шүтэж, шашныг мандуулагч Махгал бурхны Хувилгаан хэмээгдэж асан агаад, Бурхны шашныг ихэд тэтгэн хөгжүүлсэн гавьяатай. Чухам тийм учраас хожим нь “Махгал бурхан монголчуудын шүтээн, Майдар бурхан хятадуудын шүтээн, Манзшир бурхан манж нарын шүтээн” гэгдэх болсон авай.
Тийнхүү зургаа дахь удаагаа дэлгэрсэн Бурхны шашныг, тухайлан Төвөд оронд цэцэглэн хөгжиж байсан Шарын шашныг монголчууд онцгойлон тэтгэж, асар их алт мөнгө, үнэт эрдэнэс, адуу мал, хөрөнгө хогшил өргөн барих болсноор Будала ордны дээврийг алтдан шарж, Далай лам жанч халахад нь алтан суварга цутгах болсон авай. “Монголчууд дэлхийн талыг эзэлж явсан гэдэг худлаа, үнэн юм бол дэлхийн дайдаас хураасан тэр их алт мөнгө, үнэт эрдэнэс хаана байна?” гэсэн асуулт гардаг.
Хэрэг дээрээ монголчуудын хураасан тэр их алт эрдэнэс чингэж, эхлээд Төвөдөд, дараа нь Манжид зуу зуун жил дамнан цутгагдсан юм. 1770-аад онд Манжийн Тэнгэрийг тэтгэгч хаан 60 насны сүүдэр зэрэгцэхэд Монголын хан, ван ноёд нийлэн өргөх бичиг өргөж хаанд зориулан их хэмжээний алт эрдэнэс цуглуулан сүм бариулах гэхэд Тэнгэрийг тэтгэгч хаан болиулах гэж ятгаад дийлээгүй байдаг. Авилгач ноёд, зусарч түшмэд хэзээ ч улс, түмнээ боддоггүй, харин ч сүйрүүлж байдгийн нэгэн жишээ энэ юм. Энэ тухай миний бичсэн “Манжийн хааны зуслан ордонд зорчсон тэмдэглэл”-ээс үзэж болноо. Гэвч үүнийг үл өгүүлсэн өгүүлсү.
Төвөдийн хаан Соронзон Гомбын алдар нэрийг энд их ярих юм. Төвөд үндэстнийг түүхэнд анх удаа нэгтгэн улс болгон мандуулсан гавьяа түүнд ногддог бол бас хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа найрамдалт харилцаа тогтоон хөгжүүлсэн гавьяа зүтгэл ч түүнийх гэнэ. Тэрээр балба, хятад хоёр хатантай байсан нь ийм учиртай. Энэ гавьяа зүтгэлийг нь өнөөдөр улам товойлгон Хятад, Төвөд, Балба гурван улс үндэстэн өнө эртний харилцаа холбоо, ураг төрлийн хэлхээтэй гэдгийг онцлон сурталчлах болжээ.
Үүний жишээ нь нэг орой бидний үзсэн “Вэнчэнь гүнж” хэмээх түүхэн дуурь байлаа. Будала ордны өмнөх уул толгодын хооронд тайз засч задгай театр байгуулан “Вэнчэнь гүнж” дуурийг дэглэсэн нь гайхалтай сайхан үзвэр болжээ. Тэргэл саран уулсын чанадаас урган тэнгэрийн мандалд хөөрөхүйд уул хөндийг тайз болгон зассан түүхэн дуурь өнгө солонгорон, эгшиг аялгуу нь дуурьсан байсан нь эгээ л Италийн алдарт театрын сонгодог тоглолтыг санагдуулна.
10 дугаар сарын 12-ны өдөр бид Лхас хотын Жокан хийд буюу Их зуу сүмд очицгоов. Балжинням, Дашням давхацсан өлзий хишигт сайн өдөр таарч, сүсэгтэн, мөргөлчид хөл тавих зайгүй байлаа. Эндээс чухам, төвөдчүүд бол жинхэнэ Бурхны үнэнч шавь нар мөн гэдгийг харж болно. Сунаж мөргөн гороолж яваа мөргөлчид, бурхны өмнө хэдэн зуун удаа сунаж мөргөн адис авшиг хүртэж буй сүсэгтнүүд, хөхүүл хүүхдээ тэвэрсэн эх, хөгшдөө сугадсан залуус гээд номноос л уншиж байсан тэр дүр төрх оригоороо болж байна гээч.
Төвөд үндэстний дээл хувцас чамин гоё, өнгөлөг сайхан. Тэртээ өнгөрсөн зууны жараад оны үест үстэй дээл өмссөн монгол өвгөчүүл халууцсан аятай баруун ханцуйгаа сугалдрагалан явж байдагсан. Ухаан сууж байх балчир насанд сэтгэлд хоногшсон тэр дүр төрхөө эндээс олж харав. Монголоос авч гарсан цэнхэр хадаг, арц хүжээ гарган Их зуу сүмийн гол шүтээн Шагжамуни бурхны том сэрэг дүрийн өлмийд дэлгэн талбиж юу санасан есөн хүсэл, санаж бодсон бүхнээ, ар гэр, ажил алба, үр хүүхдүүдээ даатган, нөмөрсөн их хар цагаан хэл амнаас зайлуулахыг хүсч залбирцгаав.
Зуун зуун, мянган жилд ариун ном хурж агаар тэнгэрт нь буян ерөөл, эерэг энерги шингэж оршсон энэ газар эгэл жир биш нь лавтай. Төвөд хүнийг ид шидтэй гэдэг. Чухам төвөд лам нарын номын хүч, увьдас чадлыг хэлсэн хэрэг. Тийм ч учраас “Төвөд хүн шидээрээ, хятад хүн бэлээрээ, монгол хүн бэлгээрээ” гэсэн үг гарсан буй заа.
10 дугаар сарын 13-ны өдөр Лхас хотоос 40 км зайтай өндөр уулын оройд орших Гандан хийдэд очицгоов. Төвөдийн Гандан хийд бол монголчуудын хувьд яах аргагүй онцгой сайхан газар. 1409 онд одоогоос 610 жилийн тэртээд Лувсандагва хэмээх монгол хүмүн энэ хийдийг цогцлоосон түүхтэй ажээ. Энэ хүмүний сахилын алдар нь Богд Зонхов авай. Тийм ээ, Буддын шашинд шинэчлэл хийж, Шарын урсгалыг үндэслэсэн, Бурхан шашны оройн чимэг, Бодисад Шагжамунийн хойт дүр, хоёдугаар Бурхан багш гэгдсэн тэр эрхэм болой.
Богд Зонхов 1357 онд Төвдийн Зонха нутагт төрсөн монгол хүн байсан агаад 1419 онд жанч халж тэнгэрт дэвшсэний нь 600 жилийн ой энэ оны сүүлээр тохиож буй. Биднийг Гандан хийдийн удирдлага, лам нар баяртай угтан авч, цаг хайрлалгүй сүм дуганаараа дагуулан тойрч, бурхан шүтээнээ тайлбарлан үзүүлж, бас их шүтээнд мөргөж залбирах, ном хуруулж уншуулах, бурхны мэлмий нээх ховорхон хувь завшааныг олголоо.
Богд Зонховын мэлмийг нээх зан үйлд биднийг хөтөлж, алтан боронзод бийр нийлэн гарт бариулж аравнайлсан амьд бурхны хацар, мэлмийд түрхэн нээсэн энэхүү онцгой зан үйлийг монголчууд ихэд бэлгэшээн магнай тэнийн баярладаг билээ. Чухамдаа “монгол хүн амны бэлгээр” гэж тэр шүү дээ. Гандан хийдийн удирдлага, лам нар биднийг өргөөндөө залж тос хөвсөн замбаатай сүүтэй цайгаар дайлж, монгол бичиг бүхий алд цагаан хадаг барин “Монголд бас Гандан хийд байдаг гэж сонссон. Бид харилцаа холбоо тогтоох чин хүсэлтэй байнам” хэмээн үг дайсан бөлгөө.
Төвөдийн уулс, байгаль дэлхий үнэхээр үзэсгэлэнтэй. Бид Лхасаас 400 гаруй км-т оршдог олон улсын хурал болох Линжи хот руу явах замдаа байгалийн сайхныг шагшин сэтгэлийн толь, гар утасны санамждаа буулгаж явлаа. Мөнх цаст сүмбэр ноён оргилууд хаа сайгүй цайвалзан үзэгдэж, улаан хүрэн өнгөтэй бут модод энгэр дэлхэн ургасан сүрлэг өндөр хайрхнуудын дундуур тавьсан хурдны замаар уруудан давхихуйд эгээ л онгоц газардахаар огцом доошлоход чих шуугин, цээж хэгхийн төрдөг мэдрэмж тувт төрсөөр 3600 метрийн өндрөөс 2800 руу бууж ирлээ.
Төвөд нутаг гол мөрөн ихтэй, ус нь тунгалаг гэж гайхалтай. Ер нь Төвөд нутаг байгалийн бохирдол үгүй, агаар нь цэвэрхэн, ус нь тунгалаг. Хаа нэг уулын энгэр, бэлд хар майхан зоосон харагдах нь төвөдчүүдийн уламжлалт орон сууц аж. Жилийн дөрвөн улиралд ийм гэрт суун, уул хяраар бүрхэн бэлчих сарлагийн сүргээ маллан аж төрж ирсэн төвөдчүүдийн уламжлалт аж төрөх ёс өөрчлөгдөж байна. Төвөд нутаг идэвхтэй хөгжлийнхөө замд орсон нь тэр их өндөр өндөр уулсыг дамнан нэлэнхүй татсан цахилгаан эрчим хүчний аварга шонгууд, шугам сүлжээ гэрчилнэ. Лхас зэрэг хот суурин газарт орчин үеийн өндөр өндөр орон сууцнууд сүндэрлэн босч байгааг харахад хэдхэн жилийн дараа энэ нутаг хөгжлийн үлгэр жишээ болох нь гэж бодогдоно.
“Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Хималайн бүсийн орнуудын хамтын ажиллагааны 2 дугаар форум амжилттай боллоо, зөвхөн Хималайн бүсийн гэлтгүй, ерөөс “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагаанд оролцож байгаа аль ч улс орон жил бүр зохиогдох энэ форумд оролцох боломжтой ажээ. Энэ удаад Хятад, Балба, Пакистан, Мянмар, Монгол Улс оролцсон энэ форумд цаашид улам олон улс орон оролцох үүд хаалга нээлттэй гэнэм.
Монгол Улс энэ арга хэмжээнд тогтмол оролцох бүрэн эрхтэй гэж санагдана, учир нь хэдийгээр бид газар зүйн хувьд Хималайгаас хол оршдог ч, оюун санааны хувьд хамгийн ойр оршдог билээ. Бидэнд түүх, шашин, соёл, урлаг, нүүдэлчин ахуй гээд ижилсэх талууд олон бий. Тэгээд ч форумын үеэр болсон албан ёсны уулзалтуудын үеэр хоёр тал цаашид аялал жуулчлал, шашин, соёл, иргэний нисэхийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой, сонирхолтой байгаагаа харилцан мэдээлсэн юм.