УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Ж.Батзандан, Л.Болд нарт хандан улстөржихгүй, улстөржихийн тулд худал ярихгүй байхыг анхаарууллаа. Өчигдөр (2019.10.10) Ж.Батзандан, Л.Болд нар хэвлэлийн хурал зарлан С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл хийж, Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны нэрийг барьсан юм.
Энэ үеэрээ тэд “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан ОУПХ-ноос сарын өмнө шахам ирүүлсэн дүгнэлтийг Гадаад харилцааны яамны хэлтсийн дарга дарж байсан. Түүнийг ажлаас чөлөөлсөн учраас энэ асуудал ил болж, Түр хороонд ирлээ. Тайланг дарагдуулсны улмаас хариуг өгөх хугацааг хождуулсан нь ноцтой алдаа болсон гэх мэтээр ярьсан байгаа.
Өнөөдөр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өчигдөр хэвлэлийн хурал хийсэн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нарт хандаж:
-Ажлаа хийцгээ, улстөржихөө боль, попрохоо боль. Монгол Улсын Их Хурлаас Түр хороог байгуулсан. Түр хороо ажлаа хийх ёстой. ОУПХ-ноос 12 хүнд 2019 оны есдүгээр сарын 6-нд мэйл хаягаар нь бичиг ирүүлсэн. Ж.Батзандангийн мэйл хаягаар мөн ирүүлсэн байгаа. Мэйл хаягаа шалгаж бай, Ж.Батзандан. Орчуулгын ажил есдүгээр сарын 7-ноос эхлэн хийгдсэн байна, би өчигдөр асуулаа.
Л.Болд гишүүн ээ, та УИХ-д зургаан удаа сонгогдсон. Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд хийж байсан хүн. Иймэрхүү байдлаар асуудалд хандаж болохгүй, 2012 оноос хойш ОУПХ-ны хуралд та бид хоёр таван удаа явсан. Таван удаа явахдаа Хүний эрхийн дэд хороонд асуудлаа тавьж байсан. 2016 оноос Монгол Улсын Их хурал ОУПХ-ны харилцаа шинэ шатанд гарсан гэж бүсийн хурлаар хэлсэн.
Одоо УИХ-ын гурван гишүүн ОУПХ-ны гишүүнээр сонгогдон ажиллаж байна. ОУПХ-ны Хүний эрхийн шинжээчийг хэн урьж авчирсан юм. Та тавьтиртай бай. Сүүлдээ та нарын яриагаар бол Гадаад харилцааны яамны хэлтсийн даргыг халснаар дарагдаж байсан энэ бичиг ил боллоо гэх. Худлаа ярихаа боль. Сүүлдээ бүр ОУПХ-ны нэрийг барьж, есдүгээр зүйл гэдэг дээр 2019 оны есдүгээр сарын 4-ний дотор хариу өгөхгүй бол холбогдох хүмүүст хариуцлага тооцно гэсэн заалт байна гэж. Одоо надад ОУПХ-ны 71 заалттай зөвлөмж байна. Эндээс та нарын хэлсэн шиг үг нэгийг ч олж харсангүй.
ОУПХ 71 дэх дүгнэлтдээ С.Зоригийн хэргийг улс төрийн хөтөлбөртөө ахиц гаргах зорилгоор ашиглахгүй байхыг хүсье гэжээ. Энэ бол уг хэргийг улс төрийн зорилгоор битгий ашиглаач ээ гэсэн үг.
Монгол Улсын Их хурал түр хороо байгуулсан, та нар ажлаа хий. ОУПХ-ны нэр барьж битгий худлаа ярь. Монгол Улс саарал жагсаалтад орох бодитой эрсдэл үүссэн үед ОУПХ-ны дүгнэлт барьж, огт бичээгүй зүйлээр хурал хийж худал мэдээлэл өгч болохгүй. Л.Болд гишүүн таныг худал ярьсанд харамсаж байна” гэв.