“Чаджээ” гэж өнөө өглөө өөрийн эрхгүй амандаа баясав. Урьд шөнө -18-20 хэмийн хүйтэн хонож, үүрээр хоёр чих часхийхээр дориун хүйтэн байлаа. Гэсэн ч өдийд аль хэдийн утаан хөшиг татчихдаг байсан нийслэл өөрийн өнгөөр цэмцийж утаагүй тунгалаг байсан учраас ийн баяссан хэрэг.
Аливаа шийдвэрт нийгэм зайлшгүй талцдаг. Басхүү эрсдэл хүлээдэг. Гэвч сайжруулсан түлш түлэх шийдвэрт иргэд биш түүхий нүүрсний том жижиг бизнесчид, зуухны наймаачид дээр нь Засгийн газрын ажлыг харлуулах зорилготой МАНАН багийнхан оройлон шаагилдсан. Монголын хамгийн эмзэг сэдэв болсон утаа угаарыг арилгачихвал Хүрэлсүхийн Засгийн газар хүн бүрийн хайрыг татаж, МАНАН, МАХН ойрын хэдэн жилдээ нар үзэхгүй болчихно гэж тэд тооцсон. Утааны улстөр ердөө энэ.
Харин иргэдийн хувьд түүхий нүүрс түлүүлэхгүй гэсэн түүхэн шийдвэрт нэг хэсэгтээ дасаагүй ч нүүрсийг орлох чанарын шаардлага хангасан түлш худалдаанд гарсны дараа хүлээн зөвшөөрсөн. Иргэдийн буруу байхгүй л дээ. Утаатай тэмцсэн биш утаагаар хөлжсөн 20-иод жилд эрх баригчид хэрэгтэй хэрэггүй хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр 1 их наяд төгрөгийг хийсгэж, халаас түрийвчээ зузаалчихсан учраас эцэстээ засаг төрд биш ширүүхэн салхинд л найдаж суудаг болсон нь үнэн.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монголд цаг бусаар нас барж буй 7000 хүний 20 гаруй хувь буюу 1500 д нь агаарын бохирдол шууд нөлөөлснийг тогтоосон. Агаарын бохирдлоос болж жирэмсэн эхчүүд зулбаж,10 мянга гаруй ураг, 130 нялхасаа хорвоогоос үдэж, ард иргэд нь амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байхад л дарга нарын арга улам нарийссаар байв.
Томоос нь дурдвал, зураг төсөв нь ч батлагдаагүй хагас коксжсон түлш үйлдвэрлэнэ гээд С.Баярын Засгийн газар 17 тэрбумыг төсөвт суулгуулсан ч нүүрсний чанар нь үйлдвэрийн технологитой таараагүй гэдэг шалтгаанаар ажил зогсож, дээрх мөнгө салхинд хийсэв.
Г.Мөнхбаярын /НЗД/ захирамжаар мөн л зураг төсөвгүй ямар ч тооцоо судалгаагүй тэр бүү хэл хаана барихаа ч тогтоогүй Үртсэн түлшний үйлдвэрт хөрөнгө оруулалт хийгдсэн ч гол түүхий эдийн олдоц муу гэх шалтгаанаар төсөл зогсов.
Араас нь Бат-үүлийн шахаа эхэлж сайжруулсан зуух нийлүүлсэн ч ердийн галлагаатай зуухны хэрэглээ нэмэгдсээр байв. Шалтгаан нь шахааны зуух зөвшөөрөгдөх стандартыг зөрчиж, зуух дэлбэрэн хүний амь нас хохирсон хэрэг ч гарав. Энэ мэтээр нам даралтын зууханд шинэчлэлт хийх, шалны халаалт тавих, автобуснуудыг хийн түлшинд шилжүүлэх, утаа шүүгч тавих гээд бүлэглэлийн зохион байгуулалттай луйврын бизнесийг цааш дурдвал дуусашгүй. Эдгээр бүх туршилтуудын ард том мөнгө яригдаж, дарга нарын ойрын хүрээллийнхэн хөлжиж байлаа.
Утаатай тэмцээд “бүтэлгүйтсэн” гэх дээрх хэргүүдийг сануулах учир нь, өнгөрсөн 20-иод жилд хамгийн том эрх мэдэлд сууж, хамгийн их төсвийг зарцуулсан атлаа утааг ч, түрийвчээ ч улам бүр зузаатгасан дээрх эрхмүүд сайжруулсан түлшийг шүүмжлэх, утааны талаар үг дуугарах эрхгүй гэдгийг хэлье.
Харин одоо хотынхон хотлоороо сайжруулсан түлшээ хэрэглэж, угаар утаанаасаа салах итгэл хүлээлттэй байна. Хөрш Солонгосчууд газан хийг анх нэвтрүүлж байх үед хийн буруу хэрэглээнээс шалтгаалан цөөнгүй хүнээ алдаж байсан гэдэг. Гэлээ гээд тэд зогсоогүй. Алдаагаа засаж, суралцаж, бас нийтээрээ хичээж бэрхшээлийг сөрөн байж давааны ард гарсан. Тэд чадсан. Бид бас чадах ёстой. Туршилт болоод ч хамаагүй утаанаасаа салж, үр хүүхдүүддээ эрүүл агаар, цэнхэр тэнгэрийг үлдээж чадвал өнөө үеийн бидний том гавьяа болж үлдэх юм шүү. Тиймээс нийтээрээ хичээцгээе.
“Яндангаа хөөлье” давалгаанд нэгдэцгээе.
5 comments
Гаргасан шийдвэрээ зоригтой хэрэгжүүлээрэй. Алдаа гарсан бол засаж, залруулах замаар тууштай хэрэгжүүлж байж үр дүн гарна. Үүнд олон нийтийн ялангуяа, өөрсдөө галлаж утаа үйлдвэрлэдэг гэр хорооллынхны оролцоо, дэмжлэг хэргтэй.
ерöнхий сайдад улам их амжилт хусье
Хэдэн жил сарын дараа 5-6- н төрлийн химийн хоронд хордож үхэнэ шүү дээ тэр үед хэнийгээ хараахаа бодоорой .
Удахгүй тас харанхуйд живхээ мэдсээр бж
Чадаж байна нээрээ