Бид мөнхийн завгүйгээсээ болоод хайртай хүмүүстээ тун бага цаг зав зарцуулдаг. Буддын гэгээнтнүүдэд ч адилхан ийм зүйлтэй учирдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой юу гэдгийг Гемин Суним “Төгс бусад дурлах нь: Өөрийгөө болон бусдыг бүх дутагдалтай нь хүлээн авахуй” номондоо өгүүлжээ.
… Энэ ертөнц дээрх хүн бүр хэн нэгний хайртай үр. Буддын лам ч мөн адил. Хэдийгээр лам нар төрсөн гэрээ орхиж, амьдралаа гэгээрлийг эрэлхийлэхэд зориулдаг ч гэлээ тэдний олонх нь эцэг эхээсээ холбоо тасардаггүй.
Будда Шагжамүнийн гол шавь нарын нэг Маудгальяяна нь бас л хайртай хүү байсан юм. Буддын эх сурвалжаас үзэхэд тэр эхийгээ аврахаар там руу буудаг.
Кёон Хо буюу XIX зууны Солонгосын зен мастер ч мөн сахил хүртсэнээсээ хойш эхийнхээ хайртай хүү хэвээр байсан. Түүний гэгээрэлд хүрчихээд хийсэн анхны зүйл бол эхийгээ хайх явдал байв. Кёон Хо 20 орчим жил ээжтэйгээ амьдарч, ээжийгээ асарч байсан юм. Түүний жишээг даган орчин цагийн ихэнх сахил хүртсэн хүмүүс өтөлж хөгширч буй эцэг эхээ ямар нэгэн байдлаар асардаг.
Би ч мөн адил. Би Солонгостоо эргэж очих тоолондоо эцэг эхтэйгээ хамт байж, ядаж долоо хоног ч болов алдсан бүхнийг нь эргүүлэн авчрахыг хүсдэг юм. Гэвч тэднийгээ, ялангуяа ээжийгээ ямар их өтөлж хөгширснийг харах тоолонд гуниг төрдөг. Ээжийн минь толгойд буурал үс улам нэмэгдэж, шүд нь цөөрч байгааг анзаардаг. Бас тэр өмнөхтэйгөө адил хөдөлгөөнтэй биш болсон байдаг. Эх нь яаж өтөлж байгааг харахад хүүд үнэхээр хэцүү. Энэ ертөнц дээр мөнхийн юм гэж үгүйг би мэдэх ч ээж минь бас тийм байгаасай гэж би лав хүсэхгүй.
Би ээжтэйгээ маш адилхан. Тэр дотогшоо хүн. Гэхдээ гэрэл гэгээтэй, уриалагхан нэгэн. Хөгжим, урлагт, бас над шиг номонд дуртай. Тэр хамгийн сайхан, сонирхолтой бүхнийг бодож, түүнийгээ гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцдаг юм. Ээж минь зовлон зүдгүүрийн өмнө тэвчээр, эр зоригийг харуулдаг нэгэн. Байнга л бусдад тусалж, миний хийж байгаа ажил, итгэлээр бахархана. Яагаад гэвэл энэ бүгд бас л хүмүүст тусалж байгаа хэрэг шүү дээ.
Гэтэл үргэлж л сэргэлэн цовоо, эрүүл байх юм шиг санагдсан ээж минь өвдсөн болохыг саяхан мэдсэн юм. Тэр намайг түгшээх вий гэсэндээ надаас өвчнөө нуусан бололтой. Аав минь над руу ярьж, ээжийг өвчтэй байна гэхэд зүрх өмрөх шиг болж билээ. Би бүх ажлаа хаяад л ээжийгээ харахаар онгоцонд суучихлаа. Хэдий ээжийн минь өвчин эмчилгээгүй өвчин биш байсан ч би түүнтэйгээ бүхэл бүтэн нэг сарыг цуг өнгөрөөсөн юм. Танихгүй хүмүүст туслах гэж оролдож явахдаа өөрийнхөө төрсөн эцэг эхэд анхаарал хандуулахгүй яав даа гэсэн бодлоосоо болоод өөрөөсөө ичих шиг л болсон.
Олон нийтийн өмнө би илтгэл тавихдаа ихэвчлэн бясалгалаар өндөрлөдөг юм. Эхлээд юм хүмүүст дотор зүрхэндээ гэрэл гийлгэж, өөртөө хайр, халуун дулааныг хүсэхийг зөвлөдөг. Үүний дараа би хүмүүсийг дэргэдээ суугаа хүнийг гараас бариад нүдээ анихыг гуйдаг. Дараа нь тэднээс гарыг нь барьсан хүнээ маш их хайртай хүн, жишээлбэл ээжийгээ гэж төсөөлөхийг хүсдэг. Үүний дараа төсөөлсөн хүмүүстээ хайрыг илгээж, “Аз жаргалтай байгаарай! Эрүүл энх байгаарай! Амар амгалан байгаарай! Юу ч таныг бүү зовоог!” гэж хэлэхийг гуйдаг.
Бид бүгдээрээ хамтдаа энэ үгсийг хэлж дуулсны дараа олонх нь нулимс дуслуулдаг юм. Хэдийгээр бид үргэлж л хайртай хүмүүстээ аз жаргал, эрүүл энхийг хүсдэг боловч энэ үгээ дуулдахаар хэлж чаддаггүй, дотны хүмүүс минь бидний мэдрэмжийг мэдэж байгаа гэж боддог юм. Гэвч энэ тарнийг давтах үед бид мөнхийн завгүйгээсээ болоод хайртай хүмүүстээ бага цаг зарцуулдагтаа харамсдаг. Ээжийнхээ гараас барьсан гэж төсөөлөн бүгдтэй хамт тарнийг давтахдаа би ч бас ингэж л боддог. Гэнэт л зүрхний минь хамгийн гүнээс “Ээж минь, ээж ээ, би тань маш их хайртай!” гэсэн гуньхарсан үг гэнэт гарч ирсэн юм.
Хэдийгээр эвгүйхэн ч гэсэн би ээждээ энэ үгээ хэлж чадлаа. Тэгээд би энэ үгийг ээждээ хамгийн сүүлд хэзээ хэлснээ санах гээд оролдов. Сүүлд нь гэгээрлийн замыг хайж гэрээсээ явсан, нас биед хүрсэн хүүгээсээ чин сэтгэлийн энэ үгийг сонссон ээж минь маш ихээр уйлсан гэдгийг би сүүлд мэдсэн юм. Ингээд тэр өөрийнхөө төдийгүй үр минийхээ төлөө эрүүл болохоор шийдсэн юм даа.
Солонгосын алдарт “Ээжийг минь халамжлаарай” романы баатар ээжийгээ сураггүй алга болсны дараа түүндээ ямар их хайртай гэдгээ ухаардаг. Зохиолч Шин Кун-Суук энэ номоо эртнээс бичихийг хүсч байсан ч “эх” гэдэг үгийг “ээж” гэдгээр солих хүртэл ухаанд нь огт төвлөрч өгөхгүй байсан тухай ярилцлагадаа өгүүлсэн байдаг. Энэ роман охин нь Ватикан явснаар дуусдаг. Тэрбээр Пьета буюу нас барсан Христийг тэвэрч буй Мария охин тэнгэрийн баримлын өмнө очиж “Ээжийг минь халамжлаарай” гэж залбирдаг шүү дээ.
Би ээжтэйгээ сар хамт байгаад эх орноосоо буцах цаг боллоо. Зүрх минь гуниг, дотор гэмшлээр дүүрчээ. Би бас л Бодьсадвааг хандан миний ээжийг нигүүлсэхийг гуйлаа.
**
Би аавдаа уур хүрч байлаа. “Аав аа, та яагаад эмчид очихгүй удаан хойшлуулаад байсан юм бэ? Яагаад намайг сонсдоггүй юм бэ?”. Эцэгтэйгээ ийм байдлаар харьцахад хэцүү байсан ч би үнэхээр их уур хүрч байсан юм. Юу болсныг хүргэе л дээ. Буддын Бонгам сүмд намын ээлжит даяаны дараа би эцэг эх дээрээ зочилж очоод аавыгаа маш ихээр турсан байгааг харлаа. Түүнээс юу болсныг нь асуухад онц зүйл болоогүй ээ, хоол боловсруулалтад ямар нэгэн асуудал гарч, үе үе эм уудаг болсон гэв. Энэ үгийг сонссон би түүнийг ходоодны хорт хавдартай болсон байж магадгүй хэмээн санаа зовж эхэлсэн юм. Яагаад гэвэл жин их алдана гэдэг энэ өвчний эхний шинж тэмдэг. Өвөө маань ч энэ өвчнөөс болж нас барсан.
Гэтэл намайг зөвлөөд байхад л эцэг минь ходоодоо дурандуулахаас татгалзаад байлаа. Бүх зүйл хэвийн болохоор намайг өөрийнхөө эрүүл мэндэд л санаа тавь гээд байв.
“Би хамаагүй ээ. Харин хүү минь чи хүмүүст маш их дэм тус хүргэдэг хүн. Өөртөө анхаарч, бусдад цаашид ч туслах хэрэгтэй” гэнэ. Тэр өвөл маш хүйтэн байсан бөгөөд эцэг эхийгээ дахиад эргээд очтол аав маань сар гаруй ханиадтай байсныг олж мэдлээ. Энэ удаад тэр өөрөө ч бие нь нэг л зүгээр биш байгааг хүлээн зөвшөөрч, ходоодоо дурандуулахыг зөвшөөрсөн юм.
Миний зүрх өмрөх шиг л болов. Та яагаад өөрийн биеэ ингэж үнэлэхгүй байна вэ? Яагаад өөрийгөө хамаагүй гэж байна ярина вэ? Яагаад үр хүүхдээ таны төлөө ийм их санаа зовно гэж бодохгүй байна вэ? Би сэтгэлээр их унаж байлаа.
Ажиглаад байхад би ингэж бодож шаналдаг цорын ганц хүн биш бололтой. Хүмүүс эхээсээ илүү эцэгтэйгээ илүү хэцүү, зөрчилдөөнт сэтгэлзүйтэй байдгийг анзаарсан юм.
Ялангуяа энэ нь хөвгүүд, эцгүүдийн хоорондын харилцаанд хамааралтай. Харин би хүмүүстэй хийсэн яриан дээрээ үндэслэн эцэг хүүхдийн харилцааг таван төрөлд ангилсан. Магадгүй үүнээс ч олон байж мэднэ. Үүнийг уншаад, дотроо бодоод танай гэр бүлийн харилцаа аль ангилалд нь хамаарахыг олно биз ээ.
Эхний ангилал нь эцгийн эрхт харилцаа. Аав нь сэтгэл хөдлөлдөө харам бөгөөд хатуу дүрэм журам, эмх журам хэм хэмжээ тогтоодог. Хүүхдүүдээ буруу, ичгэвтэр байдлын мэдрэмжээр удирдана. Хүүхдүүдэд нь эцэг нь оройд нь хүрч болшгүй уул мэт л санагдана. Том болсон ч тэдний дэргэд байхад тав тухгүй болно. Учир нь тэд хүүхэд байхаасаа л эцгээсээ айж ирсэн, одоо түүнтэйгээ чин сэтгэлээсээ ярих гэхээр эвгүй санагддаг.
Хоёр дахь хэлбэрт нь ээж нь эцгийнх нь араар тавилт, эсвэл ажилгүй, анхиагүй байдлаас болж яаж зовж шаналж байгааг ажиглаж өссөн хүүхдүүд орно. Ийм хүүхдүүд эхийгээ өрөвдөж, эцэгтээ уур нь хүрдэг. Хүүхэд байхдаа бухимдлаа илэрхийлэх боломж байгаагүй бол хожим нь энэ хандлага эцэгтэйгээ харьцах харилцаанд хүндрэл үүсдэг. Эсвэл бүр эцэгтэйгээ харьцахаас ч зугтана.
Гурав дахь хэлбэр нь эцэг нь бүгдийг өөрөө хийж босгосон, хүүхдүүддээ хэт өндөр шаардлага тулгадаг. Бүх зүйлд өөрийн хөдөлмөрөөр хүрсэн болохоор хүүхдүүд нь хичээгээд, сургуульдаа сайн сураад ч хангалтгүй санагддаг. Эцгийнхээ сайшаал магтаалыг хүртэхийн төлөө ийм хүүхдүүд нас биед хүрээд хэтэрхий их түгшүүртэй, тайван бус болдог. Тэд ямар нэгэн сайн зүйл хийх, эсвэл их амжилтад хүрсний дараа л эцгийнхээ хайрыг хүртэх эрхтэй гэж боддог. Өндөр боловсролтой, сайхан ажилтай хэрнээ өөрийгөө доогуур үнэлдэг, хэт их хөдөлмөрлөдөг залуустай би байнга уулздаг. Тэдэнтэй ярилцаад л олонх нь ийм эцэгтэй болохыг мэддэг.
Дөрөв дэх хэлбэр нь бол жирийн нэгэн гэр бүлд төрсөн ч хожим нь сурлага, эсвэл ямар нэгэн салбар томоохон амжилт гаргасан хүүхдүүд байдаг. Ийм хүүхдүүдэд эцэг нь ямар нэгэн зүйлээр хязгаарлагдсан юм шиг санагдаж, тэдний амьдралд оролцох гээд байдагт нь дотроо дургүйцдэг. Тэд хараат бус, зорилготой. Тиймээс ч эцгийнх нь зөвлөгөө хэрэггүй, амьдралд нэмэр болохгүй гэж санадаг. Ийм хүүхдүүд эцэгтээ хайртай ч заавал түүнийг сонсох хэрэггүй гэж боддог.
Эцэст нь тав дахь хэлбэрийн хүүхдүүд буюу эцгийгээ эрт алдсан хүүхдүүд орно. Багадаа эцгийн хайрыг амсаагүй ч том болохдоо ийм хайрыг улам хийхээр мэдэрч, хүсэмжилдэг. Тэд эцгийгээ баатар хэмээн санаж, түүнтэй төстэй санагдсан багш, сургагчдадаа сайн ханддаг байна.
Би эцгийгээ яагаад өөрийгөө хамаагүй хэмээн байнга давтаж, өөрийнхөө эрүүл мэндийг хайрладаггүй болохыг ойлгохыг хүссэн юм. Үүнийг ойлгохын тулд би танихгүй хүнтэй уулзаж байгаагаар өөрийгөө төсөөлж үзсэн. Би түүнийг жинхэнээсээ ойлгохыг хичээж байлаа. Ингээд л анх удаа өөрийнхөө эцгийг аав гэдэг утгаар нь биш, хөндлөнгийн нэг хүн болгон харж үзэв. Тэгтэл эцэг нь буюу өвөө нь түүнд огт анхаардаггүй, ямар ч мэдрэмжээ харуулдаггүй нэгэн хөвгүүнийг би олж харлаа. Аав минь Солонгосын дайны үед эцэг нь ганц том хүүгээ аваад л орогнох байр хайхаар явсныг одоо болтол сэтгэл өвтгөн дурсдаг юм. Айлын бага хүү аав минь ээж, эгч дүү нартайгаа үлджээ. Ховорхон олддог амтат хоол, жишээлбэл, өндөгний шар л гэхэд үргэлж том хүүд очно. Үүнээс гадна миний өвөө тухайн үеийн бусад эрчүүдийн адил эцгийн эрхт үзэлтэй болохоор маш хатуу, сэтгэл хөөрлөө огт харуулдаггүй хүн байж. Миний эцэг аавынхаа болон том ахынхаа сүүдэрт хоргодож өссөн болохоор өөрөө өөрийгөө оршин тогтнох нь ямар үнэ цэнтэй болохыг ойлгох ч боломж гараагүй байж. Ингээд нас биед хүрсэн ч, өөрөө өвөө болсон ч өөрийгөө үнэ цэнтэй гэдгийг ойлгох өөртөө итгэх итгэл дутагдсан хэвээрээ л байжээ. Энэ тухай бодож эхэлмэгц гэнэт л нүд рүү минь хатгах шиг болж байлаа.
Аав маань шинжилгээ хийлгээд аз дайрчээ хэмээн над руу утасдсан юм. Азаар тэр нь ходоодны хорт хавдар биш байжээ. Аав минь хэсэг дуугүй байснаа дараа нь “Хүү минь, чамдаа хайртай шүү” хэмээн хэлсэн юм.
Аав минь надад анх удаа энэ үгийг хэлж байгаа нь тэр. Зүрх минь төөнөж халуу оргих шиг л болж билээ. Тэр ч бас үүнийг уншиж байгааг мэдэж байгаа болохоор би “Аав аа, би ч бас танд хайртай. Бас өөрийгөө өндрөөр үнэлдэг, эерэг хандлагатай хүү болгон өсгөсөнд чин сэтгэлээсээ баярлалаа. Надад миний эцэг та байгаа нь тун азтай хэрэг” хэмээн хэлмээр байна.
1 comment
Uhehdee hun burhniig bodoj uheh heregtei shuu. Ur huuhdee bodoj baigaad uhvel ur huuhedde irj Torno gej burhnii stashing zaadag yum baina