Чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 2018 оны байдлаар 6073 хүн хорт хавдраар оношлуулснаас 4412 хүн хавдраас болж, нас барсан гэсэн тоо байгаа юм. Нийт хорт хавдрын оноштой хүмүүсийн дийлэнх нь хожуу үедээ оношлуулсан байгаа юм. Азийн хөгжлийн банкны судалгаагаар ядуурлыг бий болгож байгаа хамгийн том шалтгаан бол эрүүл мэндийн үйлчилгээнд зориулж байгаа гэнэтийн санхүүжилт байна гэж гарсан байна лээ.
Үүний өөрчлөх хамгийн гол тогтолцоо бол эрт илрүүлэлтийг бий болгох, хэвшүүлэх шаардлага байгаа юм. Бид 2020 оны төсөв батлахад 30 тэрбум төгрөгийг эрт илрүүлэг чиглэлд суулгахад байнгын хороод, УИХ анхаарал хандуулах ёстой. ХӨСҮТ-ийн дарга Ж.Чинбүрэн гэж залуу эмчийг бид үнэлэх ёстой. Залуу, мэдлэгтэй ийм хүн эрүүл мэндийн салбарт ажиллаж, бүх хүчээ дайчилж байна гэдэг бахархмаар зүйл.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Энэ хууль бол цаг үеэ олсон, зөв хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж харж байна. 29,3 тэрбум төгрөг бол төсөвт ачаалал өгөхгүйгээр шийдэх боломжтой хууль байна. Архангай аймгийн хувьд жилд 179 хүн оношлогдож, 144 хүн нас барсан харамсалтай тоон үзүүлэлт байна.
Тэгэхээр нийслэлд гэлтгүй орон нутагт ч гэсэн тоон үзүүлэлт адилхан байна. Бид энэ тоог бууруулахын тулд сүүлийн хоёр жил орчмын хугацаанд эрт илрүүлэг хийх чиглэлд тодорхой төсөл хэрэгжүүлсэн. Энэ бол сайн үр дүнтэй байсан. Аймаг бүрт компьютер томограф байгаа юу. Байхгүй бол хэдэн аймагт байна вэ. Цаашид бид урт хугацаандаа хавдрын тухай ойлголт, сэрэмжлүүлэг, эрүүл мэндийн мэдлэг олгох чиглэлээр ажиллах шаардлага байна. Энэ чиглэлээр юм хийж байгаа юу.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Урьдчилсан сэргийлэх ажиллагаа маш чухал. Энэ хууль батлагдсанаар бид хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэл рүү аймаг бүрт бий болгоно. Одоогоор Булган, Орхон, Архангай зэрэг зургаан аймагт компьютер томографгүй байгаа. Энэ жил Дорнод аймгийг хангасан. Хавдрын чиглэлд төрөөс маш сайн анхаарч байгаа. Хавдрын эмнэлгийн өргөтгөлийг нэмэгдүүлсэн, цаашид өргөжүүлэх шаардлагатай.
Мөн бид үндэсний оношлогооны төв, малчдын хот, алслагдсан хорооны иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулсан, урьдчилан сэргийлэх чиглэлд бодлоготойгоор ажиллаж байна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр бол дэлхий дээр загвар жишиг болоод явж байгаа. Өнөөдрийн байдлаар 1,3 сая хүнийг элэгний В, С вирусыг тоолж, устгах эмийг хямдралтай, үнэ төлбөргүй олгож, эмчилгээ хийж байгаа. Энэ хөтөлбөр энэ эрчээрээ явбал 2020 онд элэгний С вирусын тархалтыг зогсоож чадна гэж төлөвлөж байна.
УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Д.Дамба-Очир: Энэ хууль батлагдсанаар зарим орон нутагт шаардлагатай тоног төхөөрөмжтэй болох, иргэдийг мэдээлэлтэй болгох чиглэлээр хийх зүйл их бий. Энэ удаад хорт хавдрыг бууруулахын тулд хуулийг нь баталж, тодорхой төсөвтэй болж, журмын дагуу эрт илрүүлгийн хөтөлбөр батлагдана. Жилд 4400 орчим хүн хорт хавдраар нас барж байгаа гэсэн тоо 60 орчим хувиар буурна гэж тооцож байгаа.
УИХ-ын гишүүн Д.Ганболд: Ажлын хэсэг эхний ээлжинд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьсон. Үүнийг дагаад хууль төсвөөс санхүүжилтийг нь батлах шаардлага гарч байгаа. Үүний дараа журам батлагдана. Урьдчилан сэргийлэх үзлэг, мэдээллийг нэмэгдүүлж, аль болох бага зардлаар иргэд эмчилгээ хийлгэх, хүндрүүлэхгүй байх боломжийг л бий болгож байгаа юм.
Эрүүл мэндийн яам өрхийн эрүүл мэндийн төвтэй энэ асуудлаа зөв уялдуулж чадвал энэ хүндрэлээс богино хугацаанд гарах боломж бүрдэж болно гэдгийг анхаараарай. 70-80 хувь нь хожуу илрүүлэг бөгөөд түүнийг нь эмчлэх гэж бид хамаг хүчээ дайчилж байгаа. Тэгэхээр бид мэргэжлийн, бүх хүнд хүрч үйлчлэх, ачаалал даах чадвартай хавдрын эмнэлгийг барих ажлыг бид яаралтай эхлүүлэх нь зөв.
Ийнхүү зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, Эрүүл мэндийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Үүгээр УИХ-ын чуулганы хуралдааны үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойш 15.00 цагт УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуулгын хариугаар үргэлжилнэ. Эрт илрүүлэх, хавдрыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.