Чуулганы хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Элчин сайдын яам байгуулах тогтоолын төслийг хуралдаан оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.
Үүний дараа Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Элчин сайдын яам байгуулах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцлээ. Тогтоолын төслийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.Тухайлбал,
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-ЭСЯ-нд ажиллаж байгаа хүмүүс арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Элчин сайдууд өөрсдийгөө том дарга гэж бодохоо болих хэрэгтэй. Элчин сайд гэдэг хүн улс орныхоо төлөө очоод юм гуйдаг байх ёстой. Абу Даби-д ЭСЯ нээснээр худалдааны эргэлт ямар байх вэ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Таны хэлсэн шалтгааны улмаас ЭСЯ нээх гэж байгаа юм. АНЭУ Монголд ЭСЯ нээсэн. Эмиратаас бид Говь-Алтайд баригдсан УЦС-ыг хөнгөлөлттэй зээлээр барьсан. Тэнд айлууд цахилгаанд холбогдсон байгаа. Абу Даби бол дэлхийн худалдааны төв болсон. Тэнд байнга эдийн засгийн чуулган зохион байгуулагдаж байгаа. Тийм учраас бидэнд ЭСЯ-аа нээх шаардлагатай байгаа. Абу Даби, Кувейтийн санд Монголын Элчин сайд суугаад хөрөнгө оруулалт хүсч байх хэрэгтэй. Мэдээж, худалдааны эргэлт муу байгаа. Хөгжлийн замдаа тэндээс сурах маш олон зүйл байгаа. Кувейтийг хаагаад Эмиратын ЭСЯ нээж болохгүй. Кувейт манайд их хэмжээний туслалцаа үзүүлсэн. Эмиратынхан тодорхой хэмжээний санхүүжилтийг гаргаж өгнө гэсэн.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Хил орчмын аялал жуучлал гэж мөн ч их ярьдаг. Замын-Үүд-Эрээнээр жилдээ давхацсан тоогоор Монгол талаас 3 сая орчим зорчигч гардаг бол Эрээний талаас жилдээ 150 мянга орчим зорчигч орж ирдэг байна. Манайхан Хятадын талд очиж мөнгөө тушааж байгаа. Гэтэл Хятадын талаас наашаа орж ирдэг хүний тоо хил дээр гацаад 2012 оноос хойш эрс багассан. Ядахдаа нэг өдрийн, гурван өдрийн хил орчмын аялал жуулчлалыг зохион байгуулж болохгүй юу? Олон хоног хүлээнэ гэвэл хэн манайд аялж жуучлах вэ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: ГХЯ энэ асуудалд нээлттэй хандаж байгаа. Хоёр хөрштэйгөө харилцаагаа өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Улс төрийн асуудал бий. Дипломат харилцаа асуудалгүй мөртлөө дотоодод сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байгаа. Мөн техникийн хүндрэл байгаа.
Ажлын хэсэг: -Хил орчмын аялал жуучлалын талаар хэлэлцэж байгаа. Нэгээс долоон өдрийн хугацаатай байх юм. Харин Монгол Улсын талаас виз дарахад техникийн асуудал тулгараад байгаа.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -Гадаадад амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн хамтын ажиллагаатай орнуудад Элчин сайдын яам байгуулдаг. Эмиратад Элчин сайдын яам байгуулна гэхээр импортын хэмжээ нэмэгдэж болох ч экспорт нь өсөх боломжтой юу. Эмират руу экспортоо нэмэгдүүлье гэвэл юу байх вэ. Гадаад улсад байгаа ашиггүй дипломат алба бий юу.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: -Элчин сайдын яам байгуулж байгаа нь худалдааны нөхцөлөө сайжруулах, илүү нэмэгдүүлэх боломж байгаа учраас бид Элчин сайдын яам байгуулъя гэж байгаа юм. Худалдааны төлөөлөгчийн газрууд нээе гэж бодлогын шинэчлэл гаргаж, эхний ээлжинд дөрвөн төлөөлөгч ажиллуулахаар бэлтгэж байгаа.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: -Нийт хэдэн дипломат төлөөлөгчийн газар төлөөлөгчгүй, хэдийнх нь хугацаа дууссан, хэд нь эзэнгүй байна вэ. Тодорхой тоо баримт байна уу. Түүнээс гадна энэ томилгооны асуудал юундаа байна вэ, эрх зүйн зохицуулалтад нь учир байна уу эсвэл балиартсан улс төрд байна уу. Яамнаас эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хууль боловсруулж болохгүй юм уу.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: БНСУ, Москва, Стокольм хотуудад Элчин сайд нар томилогдоогүй байгаа. Гэхдээ түр хамаарагч нар ажлаа хийгээд явж байна. Станбул, Хөх хот зэрэг газруудад гэнэт татагдсан Ерөнхий консулууд бий. Улс төрийн шахаа байхгүй гэж би хэлэхгүй. Яаж ил, далд миний, чиний хүн гэж томилуулах гэж зүтгэдэг, харин би мэргэжлийн хүмүүсээ хамгаалж ажиллах гээд амаргүй л байгаа.
Ажлын хэсэг: Элчин сайдгүй байгаа Киргиз, Куб, хугацаа нь дууссан 13 Элчин сайд, дөрвөн газар Ерөнхий консулгүй байгаа. Ийнхүү гишүүд үг хэлсний дараа санал хурааж, Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Элчин сайдын яам байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж баталлаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ төсөл нь хорд хавдрыг эрт илрүүлэх, хавдрыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.