“Эрдэнэс-Тавантолгой” компаниас нүүрсний үнэтэй холбоотой асуудлаар мэдэгдэл гаргажээ. Тус компани он гарсаар нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж хамгийн өндөр үнэ ирүүлсэн худалдан авагчтай гэрээ байгуулж нүүрсээ нийлүүлж байгаа аж. Ингэхдээ нэг тонн нүүрсийг 71.5 ам.доллараас дээш үнээр нийлүүлж байгаа гэдгийг мэдэгдсэн байна.

Австралийн нүүрсний гол муж болох Квийнслэндийг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр хүчтэй хар салхи дайрснаас нүүрсний нийлүүлэлт тасалдаж коксжих нүүрсний үнэ хоёр дахин нэмэгдсэн. Тодруулбал, нэг тонн коксжих нүүрс 314 ам.доллартай тэнцээд байсан. Харин дөрөвдүгээр сарын 26-наас Австралийн нүүрсний гол төмөр зам ашиглалтад орж нийлүүлэлт сэргэснээр коксжих нүүрсний үнэ 240 гаруй ам.доллар руу буураад байна.

Манай улс гуравдугаар сарын эцсийн байдлаар 8.1 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 4.8 сая тонноор өссөн бөгөөд экспортын орлого 5 дахин нэмэгдсэн дүн гарсан. Гэхдээ коксжих нүүрсний үнэ эргээд сулрах хандлагатай болж байгааг шинжээчид онцолж байна.

Манай улсын хувьд энэ жил нүүрсний экспортыг биет  хэмжээ болон үнийн хувьд өсгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагууд Тавантолгойн Цанхийн баруун уурхайгаас олборлох нүүрсний үнийг нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар тогтоож байгаа бол Цанхийн Зүүн уурхайн нүүрсийг хэчнээн доллараар нийлүүлэх вэ гэдгийг Чалко компанитай тохиролцохоор ажилласаар байгаа аж.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн гаргасан мэдэгдэлд, “Сүүлийн үед “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн борлуулж буй үнээс доогуур үнээр сайн чанарын коксжих нүүрс худалдан авахад зуучлах, нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө, гэрээний эрх зарна гэж иргэд, аж ахуйн нэгжээс их хэмжээний шан харамж нэхсэн, иргэдийг залилан хууран мэхлэх үйлдэл гарч байгаа талаар мэдээлэл манай компанид ирж байна.

Манай компани 2017 он гарсаар нүүрсний борлуулалтыг нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар хамгийн өндөр үнэтэй санал ирүүлсэн худалдан авагчидтай гэрээ байгуулан ажиллаж байна.

Бид нүүрс худалдан авагчийг сонгон шалгаруулахдаа үнийн санал, нийт худалдан авах нүүрсний хэмжээ, урьдчилгаа төлбөрийн хэмжээ, сар бүрийн худалдан авалтын хэмжээ болон тээврийн асуудлыг бодитоор хамгийн сайн гүйцэтгэх чадвар зэргийг нь судлан, дүн шинжилгээ хийж шалгаруулдаг бөгөөд 1 тонн коксжих нүүрсийг 71.50 ам.доллараас дээш үнээр борлуулж байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сайн чанарын коксжих нүүрс худалдан авахад зуучлах, нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө, гэрээний эрх зарна гэсэн худал мэдээлэлд автаж хохирохгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

By updown

2 thoughts on ““Эрдэнэс-Тавантолгой” нүүрсээ 71.5 доллараас дээш үнээр борлуулж байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн