Эрүүл мэндийн төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн гурван нэр дэвшигчийн Эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгийн дүнг өнөөдөр (2017.05.09) Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.
Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан комисс ажиллаж тавдугаар сарын 7-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаяр нарт эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийж дүгнэлтээ гаргажээ. Улсын хоёрдугаар тусгай эмнэлэгт хийгдсэн 23 нэр төрлийн шинжээгээр тэдний суурь өвчлөл болон сэтгэц мэдрэлийг шинжилсэн байна.
Ерөнхийлөгчийн ажил, үүргийг гүйцэтгэхэд эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэхийг тогтоодог энэхүү шинжилгээ, үзлэгээр тэдний эрүүл мэндэд ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Нэр дэвшигчдийн эрүүл мэндийн мэдээллийг олон нийтэд зарлах хугацаа болоогүй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат мэдэгджээ.