Төрийн албан хаагчдын эмнэлгийн барилгыг хувьдаа авахаар зэхэж явсан, хувийн сонирхол асар өндөртэй Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж үргэлж л өндөр албан тушаалд томилогдож байдгийн нууц юув? гэсэн асуулга бүхий мэдээлэл сүүлийн үед хэвлэлүүдээр тасралтгүй гардаг болж.
Түүний тухай салбарынхаа ажилд чагт, тушаа болсон мэдээлэл бага биш байдаг аж. Тэдгээрээс энэ удаа баримт болгон дэлгэе.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Сум дундын эмнэлгийн барилгын тендерт ашиг сонирхлоо шингээж хоёр компанийг хооронд нь хэрэлдүүлж, шүүхээс хуурамч шийдвэр гаргуулсан байх юм. Түүх харин ийн эхэлжээ.
Өнгөрсөн 2018 оны 03 дугаар сарын 29-нд зарласан Сум дундын эмнэлгийн тендерт “Тэргүүн чансаа” нэртэй компани ялж, мөн оны 07 дугаар сард ЭМЯ-тай албан ёсоор гэрээ байгуулан ажлаа эхэлжээ. Гэтэл уг тендерийн асуудлыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх авч хэлэлцэн тендерт оролцож байсан “Хар чонот” нэртэй компанийг энэ тендерийн ялагч хэмээн зарлаж орхижээ.
Хамгийн гол нь энэ маргаан гээчийг шүүсэн шүүгч нь хуралдаа тендерийн албан ёсны ялагч “Тэргүүн чансаа” компанийг оролцуулах нь бүү хэл, энэ компанид тендертэй холбоотой зарга ирсэн гэдгийг ч дуулгаагүй байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр, Монголын шүүхийн нэр хүндийг гутаасан хачирхалтай шүүх хурлын шийдвэр 2018 оны 08 дугаар сарын 1-нд гарсан бөгөөд шүүгч нь О.Оюунгэрэл гэгч эмэгтэй байж.
Долдугаар сарын 23-нд хэрэг үүсгээд, ердөө 7 хоногийн дотор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн маргааныг шүүсэн О.Оюунгэрэлийн хадам ах нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж байсан нь маргааныг ийм хурдан бас шударга биш шүүгдэх шалтгаан болж өгсөн гэж “Тэргүүн чансаа” компани үзжээ. Энэ нь ганцхан “Тэргүүн чансаа” компанийн байр суурь ч биш, баримтыг үзсэн бүхэн шууд ингэж ойлгох үндэслэл болон харагдаж буй.
Мэдээж эндээс дахин зарга үүсч Сум дундын эмнэлгийн тендерийн анхны ялагч “Тэргүүн чансаа” нэртэй компани Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ. Хоёр дахь шатны шүүх О.Оюунгэрэл шүүгчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгон, бүх асуудлыг хуулийн дагуу шийдэх шийдвэрийг ч гаргаж өгсөн юм байна.
Гайхалтай нь тендерийн албан ёсны ялагч ажлаа урагшлуулж чадсангүй. Шүүхийн шийдвэрийн дараа гол гацаа ЭМЯ-нд өрнөсөн бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биш өөрийн хамаатан шүүгч О.Оюунгэрэлийн гаргасан анхны шүүхийн шийдвэрийг үндэслэн есдүгээр сард “Хар чонот”нэртэй компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Танил талаа, тэдний компанийг тендерт ялуулахын тулд шүүгч дүүгээрээ хуурамч шийдвэр гаргуулж болох уу Б.Бямбадорж дарга аа!
Үүнээс үүдэн хөдөөгийн хүн амын эрүүл мэндийг дэмжихэд том нэмэр өгөх, Эрүүл мэндийн яамны нэг төсөл гацаанд оржээ. ЭМЯ-ны Хуулийн хэлтсийн дарга болон Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нар уг нь ажлаа явуулахын тулд тендерийн албан ёсны ялагч “Тэргүүн чансаа” компанийн гэрээг үзэглүүлэхээр Төрийн нарийн бичгийн даргынхаа өрөөгөөр эргэлдсэн боловч гарын үсгийг нь авч дийлээгүй аж.
Гэрээнд гарын үсэг зурахгүй гэдгээ ч Б.Бямбадорж дарга улайн цайм хэлдэг байсан ч яагаад гэдгээ тайлбарлахгүй байгаад яамныхан гайхдаг байсан аж. Харин одоо бүх зүйл ил болж, энэ нь Б.Бямбадоржийн хувийн сонирхол байсан гэдэг нь тодорхой болжээ.
Үүнээс гадна ТНБД Б.Бямбадоржид хаяглагдсан цөөнгүй гомдол ЭМЯ орчмоор яригддаг юм байна. Глобаль сангийн зохицуулагч эмэгтэй ажлын байрны дарамт үзүүлсэн талаар гомдол мэдүүлдэг бол яамны ажилтнууд болон эмнэлгийн дарга нар Б.Бямбадоржийг хувийн “Эрин” эмнэлэгтээ ажил зувчуулахын тулд дарамталж, гуанз, эмийн сангийн гэрээг өөр дээрээ татна гэж улайрдаг талаар ярих болжээ.
Мөн Д.Бямбадорж дарга яамны Төрийн захиргааны удирдлагын газар, Хуулийн хэлтсээр дамждаг дотоод журмыг зөрчин хүмүүсийг ажилд авах, халах тушаал гарган, бүрдэл дутуу материалаар өөрийн эмнэлэгтээ тусгай зөвшөөрөл олгохыг шаардан Эмийн хэлтсийн ажилтан руугаа бичиг, цаас шидлэн авирлаж байсныг ч гэрчлэх хүмүүс байдаг аж.
ТНБД-ын зохиосгүй, хууль дүрэм зөрчсөн, ёс зүйгүй үйлдлүүд эрүүл мэндийн салбарын нэр хүндийг унгааж, яамны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, дотоод уур амьсгалд таагүй нөлөө үзүүлж эхэлсэнд яамны ажилтнууд таатай хандахаа больжээ.
Б.БАЙГАЛЬ