Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ. Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдийн шинжилгээний хариуг Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн ч хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар комиссоос наймдугаар сарын 12-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.
Уг мэдээлэл олон нийтэд цацагдсан даруйд энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболдоос бусад 15 бөх “Надаас допинг илрээгүй” гэдгээ өөрсдийн сошиал хуудсараа дамжуулан илэрхийлсэн юм. Нэг хэсэг олон нийтийн дунд шуугиан болсон энэ асуудал одоогоор таг чиг болсон нь ард нь ямар нэгэн найраа, наймаа явагдсан уу гэсэн хардлага төрүүлээд байна.
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны журмын дагуу хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүд арав хоногийн дотор “В” сорьцийг хийлгэх хүсэлт гаргах ёстой.
Хэрвээ бөхчүүд “А” сорьцийн дүнг хүлээн зөвшөөрвөл мэдээллийг өгнө гэж Баяр наадмын зохион байгуулах хорооноос мэдэгдсэн ч удалгүй Улсын аварга Э.Оюунболдоос допинг илэрснийг албан ёсоор зарласан билээ. Харин улсын аварга Э.Оюунболд “Зохион байгуулалттай гэмт хэргийн золиос боллоо, миний шээсийг сольсон байна. Хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, шалгаж өгнө үү. Би гуравдагч орон руу хандаж, шинжилгээ өгмөөр байна. Мөн би ДНК шинжилгээг өгмөөр байна” хэмээн мэдэгдэл хийж байв.
Гэвч, түүнээс дөрвөн төрлийн допингийн бодис илэрснийг Баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос хүлээн зөвшөөрч, наймдугаар сарын 30-нд журмын дагуу Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хасч, тавын даваанаас хойш түүнтэй барилдаж унасан бөхчүүдэд цол чимгийг нь нэмж олгох саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Энэ шийдвэрээ Баяр наадам зохион байгуулах үндэсний хороонд есдүгээр сарын 2-нд хүргүүлжээ.
Баяр наадам зохион байгуулах хорооны тогтоолоор тухайн бөхийн барилдах эрхийг нь хасах бөгөөд цол хураах асуудлыг хорооноос Ерөнхийлөгчид уламжилдаг байна. Тэгвэл Бөхийн салбар хорооноос Баяр наадам зохион байгуулах хороонд хүсэлт хүргүүлээд аль хэдийнэ 16 хоночихоод байхад ямар нэг шийдвэр гаргаагүй байна.Түүнчлэн Б сорьцын шинжилгээ өгсөн нэг бөхийн шинжилгээний хариу мөн л одоо хүртэл БНСУ-ын лаборатороос ирээгүй байгаа аж.
Улсын аварга Э.Оюунболдтой хариуцлага тооцох асуудал талаар болох вий гэсэн болгоомжлол бөхчүүдийн дунд байгаа юм. Учир нь, хоёр хуваагдаж талцаад байсан бөхийн холбоод Б.Бат-Эрдэнэ аваргыг хүлээн зөвшөөрч, Л.Чинбат тамгаа гардуулсан нь ийм хардлага төрүүлж буй. Э.Оюунболдоос допинг илэрснийг Л.Чинбатын талынхан мэдэгдээд, түрүү бөхийн шагналыг нь хураахыг ч шаардсан.
Э.Оюунболд аварга УИХ-ын гишүүн, дархан аварга, МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнийн гарын шавь. Шавиас нь допинг илэрсэн асуудлаар “Улсын наадмын өмнө Э.Оюунболдыг допингтой холбож, нэр хүндийг унагана гэж олон удаа сүрдүүлсэн гэсэн. Наадмын дараа “Э.Оюунболд 1.7 тэрбум төгрөгөөр улсын аварга боллоо гэх цуу яриа гарсан шүү дээ. Нэгнийхээ нэр хүндийг унагаахын тулд ийм увайгүй үйлдэл гаргаж, гүтгэснийг яавч хүлээн зөвшөөрч болохгүй. Э.Оюунболд өөртөө их итгэлтэй юм билээ. Хуулийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм шиг байна лээ” гэсэн тайлбар өгч байсан билээ.
Мөн баяр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Тухайн бөх шинжилгээний дээжтэй саваа таглаад өгдөг. Э.Оюунболдын байтугай ямар ч тамирчны шээсийг солих ямар ч боломжгүй. Э.Оюунболдын цолыг хураах асуудлыг Ерөнхийлөгчид өргөн барина” гэж байсан бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Өнөөдөр цол хураах бичиг ирээд, маргааш цолыг нь хураачихгүй. Маш удаан хугацаанд шийдэгддэг асуудал” гэж байв. Ямар ч байсан шавьтай нь холбоотой допингийн асуудлыг МҮХБ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ хэрхэн шийдэхээс монгол бөхчүүдийн дунд байгаа допинг, найраа, наймааны асуудал цэгцрэх эсэх нь хамаарах юм.
Эх сурвалж: News.mn
2 comments
Үндэсний бөхийн цолыг ерөнхийлөгчийн зарилгаар олгож сүржигнэдэгээ болихоор юм. бусад спорттой адилхан цол зэрэг шийддэг байгууллага шийдээд явахаар юм
үндэсний бөхийн цолыг ерөнхийлөгч өгдөг нь үндэсний наадмаа хүндэтгэж байгаа хэрэг. монголчууд ганцхан бөхийн амжилтыг хүлээн зөвшөөрч бусад спортын амжилтыг тоодоггүй. бөхийн цол, давааны найрааг цэцэлж цэг тавих цаг нь болсон. Монголд найрахгүй салбар гэж алга. албан тушаалд найрч очно, эгээ л эрлэгийн элчийг найч хүчрэхгүй юм даа. Оюунболд байтугай хэний ч шээсийг солих боломж үнэндээ байхгүй ээ. тусгай битүүмжлэлтэй саванд, камерын бичлэгтэй , олон хянагч нарын нүдэн дээр шээж, шээсийг нь 2 хувлааж 1ийг нь шинжилгээнд явуулсан. маргаад байвал үлдэгдэл шээсийг нь шинжилгээнд явуулаач. даварч оодорсон бацаан бэ. цол шагналыг нь хураах хэрэгтэй. Допингоо шээс хөөгчтэй уусан болохоор одоо шээс авахад найдвартай зүгээр гарна гэсэн тооцоотой худлаа хэлж байна.