Утааг ярих гэсэнгүй ч углуургаараа холбогдох сэдвүүд учраас жаахан өмнөтгөл хийе. Утааг бид ухамсраараа л давна. Учир нь “хэн нэгнийгээ хүндлэх” зарчим нь аль ч соёлт, хөгжилт хотынхны тулгуур зарчим бөлгөө. Түүхий нүүрс түлсэнээр бид ирээдүйгээ, өөрсдийгөө, бусдыгаа хорлож, хөнөөж байна хэмээн, нөгөө л “хэн нэгнээ хүндлэх”-ээ л урьтаад бодчих хэрэгтэй. Хичнээн даарч байсан ч түүхий нүүрс түлж, түмний үйлсийг баллахгүй, хаймар шатааж хамтын үйлсээс ухрахгүй гээд п бодоод сэтгээд зүтгэе. Товчоор хэлбэл эх оронч байя. Сайжруулсан түлшний чанар энэ тэрд зуугуул хүмүүсийн амаар бүү эргэлз. Хороо хорин, баг засгаараа хяналтан дээрээ хичээн зүтгэ л дээ, Та минь.

Өндөр хөгжсөн орнуудад яагаад чухам утаа, түгжрэл бас бус их хотын хүндрэлүүд алга байна. Энэ нь явж явж нөгөө л “хэн нэгнээ хүндлэх” дээр л очиж “илааршсан” болж таарах вий. Тэд оочер дугаарлалт дээр ямар их хүлцэнгүй жагсаж байна, тэд ямар таатай найрсаг бие биерүүгээ инээмсэглэж байна, тэд ямар бахархалтайгаар бие биедээ зам тавьж өгч байна, тэд бие биендээ ямар тааламжтайяа тусладаг, зам зааж өгдөг билээ дээ. Япон хүмүүс бүүр дугуйгаа түрээд, дагаж гүйгээд, түүртэлгүй очих газар нь хүргэн алдан бөхөлзөхийг нь яана?

Дээрхүүдтэй яг уялдаад замын түгжрэлийг бид тархиндаа эхлээд тайлна. Нийтийн тээврээрээ зорчьё, хувийн унаагаа больё, алхаж эрүүл мэнддээ анхааръя, дарга цэрэг гэлтгүй бид үүнд үнэнчээр манлайлъя гэхчилэн нөгөө л “хэн нэгнээ хүндлэх”-ээ урьтад бодох юм бол тэгээд л түгжрэл арилна.

Сүхбаатарын талбайгаа тойрсон Яамд, агентлагууд, Нийслэл түүний харъяа газрууд хувийн хувьсгалын машиныхаа хэрэглээнд бүүр нэг хувьсгалт хаялт зарлая. Ойлгож байна, өвлийн хүйтэн айсуй, хүн бүр л машинаа нармаалдаад, байдаг л түгжрэлдээ “шигдэцгээх” гэх л байх. Гэхдээ хүйтэрсэн ч тэсье, хийе, зориглоё.

Угтаа саяхны А,В,С бүс бүсчлэлийн асуудал зөв шүү дээ. Утга нь торгуульгүй, татвар хураамжаа л төлчихсөн бол хаагуураа ч хамаагүй сүнгэнэ л гэсэн хэрэг шүү дээ. Тэрнээс зорчих эрх мэрхэнд халдаад сүйдлээд байгаа юм огт байхгүй, бодоорой.

Сүхбаатарын талбай тойрсон Их дээд сургуулиудын өглөө хичээл эхлэх цагийг 10:00 цагаас болгоё. Үүнд Хүмүүнлэгийн Ухааны их сургууль, МУБИС, ЭМШУҮИС, ШУТИС, МУИС, СЭЗДС, СУИС гэхчилэн хамаарна. Оюутнууд маань орой болтол хичээлдээ, номын сандаа л суудаг шүү дээ. Тэдэнд ямар ЕБС болон цэцэрлэгийнхэн шиг хүргүүлж авахуулахын “зовлон” байх биш. Эдгээр сургуулиудын оюутнуудын хичээлийн цагийг 10:00-с эхлэдэг болгочихвол дор хаяж 20-30 мянган оюутан өглөө оройны нийтийн тээврийн чихэлдээнт ачааллаас “чөлөөлөгдөх” байх. Ер нь энэ Их тойруу хэсэг рүү ажил алба, сургууль соёлдоо явдаг урсгалын цаг 2 цагаар зөрүүтэй л байх ёстой юм шүү. Төрийн албан хаагчид оюутнуудыг өглөө амарч байхад нь нийтийн тээвэрээрээ үйлчлүүлчих.

За ингээд харахаар болмоор байна уу? Яаж дээ, яаж дээ гээд өөрийгөө л бодоод байвал, тархиндаа, гудмандаа түгжрээд л байх болно. “Хэн нэгнээ хүндлэх”-ээ л урьтал болгож хэвшье, суръя. Сурсан зүйл бас бидэнд байна аа. Урдуураа оруулсанд нь одоо бүх л жолооч талархаж аваар гэрлээ анивчуулах нь, нүдээрээ инээвхийлж буй мэт сайхан харагддаг болоод багагүй хугацааг үзэж, хэвшил ч болж дээ. Сэтгэл байвал бүтэхгүй зүйл үгүй. Зүтгэл байвал зүүгээр ч худаг ус нээнэ гэдэг сэн.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн