“WikiLeaks” байгууллагын мэдээлснээр Францын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Эммануэль Макроны сонгуулийн өмнөх кампанит ажлын штабын цахим захидлыг илрүүлэхэд Оросын нэгэн компанийн ажилтны нэр есөн удаа дурдагдсан гэжээ.
“#MacronLeaks хэштэгт: Оросын Засгийн газрын эгнээнд ордог “Эврика” компанийн ажилтны нэр устгасан xls_cendric.rar архивт нь есөн удаа дурдагдсан” гэж “WikiLeaks” сайт Твиттер хуудсандаа бичжээ. Тус сайтынхан түүнчлэн дата бүхий хүснэгтийн зургийг тавьсан аж. Үүнд Рошка Георгий Петрович хэмээх нэр хэдэнтээ гарсан байна.
“WikiLeaks” сайт “Эврика” гэж чухам ямар компани болохыг тодруулаагүй аж. Гэхдээ “Оросын хэвлэлүүдээс авсан мэдээллээс харж байхад төрийн нууцыг хамгаалах үйл ажиллагаагаар Холбооны аюулгүйн албанаас зөвшөөрөл авсан компани” гэжээ. Орост IT-ийн салбарт “Эврика” нэртэй компани байдаг бөгөөд тус компанийн байнгын үйлчүүлэгчдийн тоонд ГХЯ, Эдийн засгийн хөгжлийн яам, ЭМЯ, Холбооны гаалийн алба, Төвбанк, ОХУ-ын Тэтгэврийн сан, ОХУ-ын ОХУ-ын Тооцооллын танхим зэрэг багтдаг гэж албан ёсны сайтад нь мэдэгджээ.
Үүнээс гадна “Эврика”-гийн сайтад зөвшөөрөл, гэрчилгээний дагуух үйл ажиллагаанд нийцсэн бүтээгдэхүүн, шийдвэрийг санал болгодог гэсэн байна. Францын Ерөнхийлөгчид нэр дэвшигч, “Урагшаа” хөдөлгөөний тэргүүн, тус улсын Эдийн засгийн сайд асан Эммануэль Макроны багийнхан хөдөлгөөний төлөөлөгчийн цахим шууданд хакеруудын халдлага орсон, үүнээс болж мэдээллээ алдсан байж болзошгүй гэж мэдэгдэж байсан билээ.
Үүний зэрэгцээ “Monde” хэвлэлд энэ хэрэгт Орос холбоотой эсэхийг хэлэхэд эрт байна гэж мэдэгдэж байв. Францад өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат болж сонгогчид “Урагшаа” хөдөлгөөний тэргүүн Эммануэль Макрон, “Үндэсний фронт” намаас нэр дэвшигч Марин Ле Пен нарын төлөө саналаа өгч Макрон ялалт байгууллаа.
М.МӨНХЗАЯА