“Монголд ямар төрлийн хүн олон бэ” гэж асуувал хариулт нь маш хялбархан гарна. Тэд бол интернэт болон олон нийтийн сүлжээний хэрэглэгчид юм. Сүүлийн үеийн статистик судалгаанаас харахад Монгол улсын эдийн засгийн идэвхитэй хүн ам 1,1 сая байхад Facebook-т өөрийн гэсэн хуудастай 13-100 насны хэрэглэгчийн тоо 1,4 сая хүрчээ. Тэгэхээр хоёр монгол хүн тутмын нэг нь олон нийтийн сүлжээнд илүү идэвхитэй амьдарч байна гэсэн үг юм. Ертөнцийг харах цонх номноос интернэт рүү шилжсэн учраас өөрийгөө бусдад таниулах, үзэл бодлоо илэрхийлэх боломж хүн бүхэнд байгаа.
Олон нийттэй харилцаа холбоо тогтоох, ямар нэгэн шинэлэг зүйл санал болгон бусдаас өөр байх нь нийгмийн сүлжээнд нөлөөтэй байхын гол утга учир юм. Twitter хуудсанд 225 мянган дагагчтай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг аваад үзэхэд улсын тэргүүн маань хоромхон зуур ард түмэндээ хэлэх гэсэн үгээ хүргэж, өөрийнх нь бодлогыг хүмүүс хэрхэн хүлээн авч байгааг мэдрэх боломжтой. Интернэт сүлжээ байхгүй бол нэг хүний дуу хоолой нэг дор тэгж олон хүнд хүрч чадна гэж үү? Хэрэв Бюро 24/7 дижитал биш цаасан сэтгүүл байсан бол бидний уншигч одоогийн тоонд хүрэхгүй бөгөөд хэр олон хүн үзэж байгааг мэдэх ямар ч аргагүй өнгөрөх байсан.
Twitter бол бидний мэдэж буйгаар монголын хамгийн улс төржсөн мэдээлэл солилцох талбар учраас энд голчлон улс төрчид, төрийн албан хаагчид хамгийн олон дагагчтай байдаг. Тухайлбал Х.Баттулга (208K), Д.Дагвадорж (183K), З.Энхболд (158), Х.Тэмүүжин (152K), Д.Жаргалсайхан (145K) зэрэг хүмүүс Ерөнхийлөгчийн ард явна. Нөгөө талаар Twitter дахь хүйсийн харьцаанд эрчүүд илт давамгай байдаг. Тэнд улс төрчдөөс гадна хэвлэл мэдээллийнхэн олон дагагчтай байдаг ч хамгийн өндөр нь Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлгийн П.Анужин (48,2K), Монгол HD телевизийн Г.Бат-Эрдэнэ (45,4K) нар юм. Мөн Twitter-т Асашёру аваргаас өөр ямар ч инженер, жүжигчин, тамирчин, дагуулсан хүнийхээ тоогоор улс төрчдийг одоохондоо гүйцээгүй байна.
Twitter-т хамгийн олон дагагчтай жиргээчид
1. Элбэгдорж – 255k
2. Х.Баттулга – 208k
3. Асашёру – 183k
4. З.Энхболд – 158k
5. Х.Тэмүүжин – 152k
Instagram-ын амьдрал Twitter болон Facebook-д өрнөдөг виртуал ертөнцөөс нэлээн ондоо. Энд мэдээлэл гэрэл зурган дээр төвлөрдөг учраас хүмүүс аль болох гоё, онцгой содон зүйлс оруулахыг хичээдэг. Онцгой содон гэдэгт хувь хүн өөрөө болоод амьдралын хэв маяг, эсвэл биеийн аль нэг хэсэг орж байгаа юм. Мөн Instagram-аар таныг зөвхөн дотоодын биш дэлхийн аль ч орны хүмүүс дагах боломжтой. Дээрээс нь Instagram янз бүрийн ухаалаг ишлэл болон нийгмийн талаарх үзэл бодол нэг их нэвчээд байдаггүй талбар. Оронд нь дур булаам бүсгүйчүүд, аяллын сонирхолтой газрууд, амттай хоол, баяр баясгалан инээд хөөр бүхий бичлэгүүдтэй. Энэ зүй тогтол нь өөрөө загварын ертөнцийг Instagram-тай нягт холбоотой болгож байгаа бөгөөд дэлхий нийтэд аль хэдийнэ олон арван мянган “Insta star”-ууд бий болжээ.
Instagram-д хамгийн олон дагагчтай хүмүүс
1. @Ana dari (137K)
2. @Ukakiwi (104K)
3. @Duk65 (101K)
4. @Urankholboo (86K)
5. @Hishigdalai (86.4K)
Twitter болон Instagram-д олон дагагчтай байх шаардлагагүй гэж боддог хүмүүс мэдээж маш олон бий. Тэгэхдээ хүмүүс мянга эсвэл арван мянган дагагчтай байхын аль ч тохиолдолд тухайн хүний нийгэмд эзэлж буй байр суурь, хийж буй бүхэн нь олны нүдэн дээр ил харагддаг. Тиймээс нийгмийн сүлжээг зөв ашиглаж, хувийн хуудсаа бусдын сэтгэл татахуйц байдлаар хөтөлдөг хүмүүс өдөр бүр үг, үйлдлээрээ хүмүүст нөлөөлж байдаг.
Сануулж хэлэхэд “Интернэт таны найз ч байж болно, дайсан ч байж мэднэ” гэх үг бий. Олон дагагчтай байхын хэрээр, эсвэл олон нийтийн сүлжээгээр олон хүнийг дагах тусам хүмүүс улам л бие, биенээсээ хамааралтай болж, өөрөөрөө байх чадвараа алддаг. Ямар ч гоё сайхан үйл явдал тохиолдлоо гэсэн түүнийг тухайн агшинд нь мэдрэхийн оронд зурганд гоё харагдах, зургаа гоё авах гэж хичээсээр өнгөрөөдөг хүмүүс олон.
Мэдээж дижитал ертөнцөд нөлөөтэй байгаа хүмүүсийг тодорхойлох хэд, хэдэн шалгуур бий. Үүнд, тухайн олон дагагчтай хүний оруулж буй мэдээллийн мэргэжлийн байдал, дагагчдын тоо, хүмүүсийг эерэг зүйлст уриалдаг эсэх, тухайн хүний бичлэг хүмүүст хэр таалагдсан болон сэтгэгдэл авсан байдлыг харгалзаж үздэг. Мэргэжлийн гэдэгт тухайн хүн шудрага, ёс зүйтэй, бодит мэдээлэл хүргэж байгаа эсэх нь чухал бөгөөд дээр нь өөрсдийн зан чанар, онцлог байдал ихээхэн нөлөөлдөг байна.
Эх сурвалж: www.buro247.mn
1 comment
Гадаадад сууж амиа хоохойлж байгаа мөртөлөө дэлхийгээр нэг хов хутгаж, бөгс бөөрний хэрүүл хийж суудаг улсыг яанам. Монгол хүн ч тэгтэд доошоо орох болоогүй юмсан.