АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхим өчигдөр (2017.05.05) яаралтай хуралдаж энэ оны есдүгээр сарын сүүлч хүртэл Засгийн газартаа санхүүжилт олгох богино хугацааны төсвийн төслийг баталлаа. Энэ шийдвэрийг гарах хүртэл шинжээчид АНУ-ын төрийн байгууллагууд төсвийн тохиролцоо хийж чадаагүйн улмаас мөнгөгүй болж, ажлаа түр хугацаанд зогсоож байсан 2013 он давтах нь хэмээн түгшиж байсан юм.
Конгресс шинэ Ерөнхийлөгчийн инаугурацийг хүлээсээр 2016 оны арванхоёрдугаар сар гэхэд бүтэн жилийн бүрэн төсвийг батлаагүй байв. Дональд Трамп өөртөө ашигтай баримтыг хийнэ гэсэн хүлээлт үүссэн байсан ч одоохондоо Бүгд найрамдахчууд ялагдал хүлээв.
Шинэ төсвийг батлах дедлайн буюу хамгийн сүүлчийн хугацаа нь дөрөвдүгээр сарын 27-н байсан юм. Тиймээс хууль тогтоогчид төсвөө баталж чадахгүй нь дээ гэмээр нөхцөл үүсчихээд байв. Хэрвээ хугацаандаа амжихгүй бол Засгийн газрын үйл ажиллагаа зогсох аюул нүүрлэх юм. Гэвч өчигдөр конгрессменүүд долоо хоногийн хугацаатай түр хууль батлан тавдугаар сарын 5 хүртэл дедлайнаа сунгаж чадав.
(Зураг 1 – АНУ-ын конгресс)
Төсөв батлах явц эрх баригч намын хувьд хөнгөн зугаалгатай адил баймаар харагдаж байв. Учир нь Бүгд найрамдах нам Конгрессийн хоёр танхимд олонхи, Цагаан орны эзэн ч энэ намынх. Төсвийг сөрөг хүчний эсэргүүцэлгүйгээр зөвхөн эрх баригчдын саналаар баталж болох байсан. Одоо тэднийг найм ба есдүгээр сард оны сүүлчийн улирал болон 2018 оны санхүүгийн жилийн төсвийг хэлэлцэх ажил хүлээгдэж байна.
Өнөөдөр зөвхөн Холбооны засгийн газарт хагас жилээс бага хугацаанд санхүүжилт хийж байгаа богино хугацааны биллийн тухай ярьж байна. (Англи хэлтэй орнууд анх удаа өргөн баригдаж батлагдсан хуулийг билль гэж нэрлэдэг) Конгресс энэ удаа цөөнх болсон ардчилагчдын нөхцөл байдлыг амжилттай ашиглаж биллээ баталж чадсан гэж болно. Гэхдээ төсвийг хэн бичсэн бэ? Бүгд найрамдахчууд уу, эсвэл ардчилагч нар бичив үү гэмээр.
Төсөвт ардчилагчид ялалт байгуулав
Бүгд найрамдах нам Засгийн газраа хаагдана гэж айгаад тохиролцоонд орсон бололтой. Төлөөлөгчдийн танхмын цөөнхийн лидер Нэнси Пелози “Ардчилагчид Бүгд найрамдахчуудын хэт радикал 160 санаачлагыг хаан зогсоож чадсан” хэмээн гайхуулаад авлаа. Учир нь төсөвт ардчилагч нарт чухал зарлагууд үлдэж чаджээ. Энэ утгаараа төсвийн ялагч нь ардчилагчид болж байгаа бололтой. Тухайлбал,
- Ойрхи Дорнодын “дүрвэгчдийг” шилжүүлэн суурьшуулах хөтөлбөрийн санхүүжилт хэвээр үлдэв. Трамп гуравдугаар сард гаргасан шийдвэрээрээ тэднийг хүлээн авахад саад тавих оролдлогыг хийж байгаа юм. Гэвч төсөвт энэ талын санхүүжилт үлдсэнээс гадна 2017 онд Ойрхи Дорнодын зарим орнуудаас дүрвэгчдийг хүлээн авах квот ч нэмэгдсэн аж. Тухайлбал афганчуудын цагаачлалын виз нь 8500-11000 хүртэл нэмэгджээ.
- Засаг захиргаа нь Холбооны цагаачлалын хуулийг хүлээн авдаггүй, хууль бус цагаачдыг албадан буцаахыг эсэргүүцдэг “Орогнолын хотууд” хэмээн нэрлэгддэг хотуудын санхүүжилт төсөвт мөн хэвээр үлджээ. Ерөнхий прокурор Жефф Сэшнс Хууль зүйн яамны хөтөлбөрөөр тэдэнд олгодог хөрөнгийн баталгааг өөрчлөхөөр амласан ч энэ асуудлыг шийдвэрлэхэд түүний боломж хязгаартай юм.
- Бүгд найрамдахчуудын хамгийн дургүй абортари гэгдэх үр хөндөлтийн Planned Parenthood байгууллагууд олгох санхүүжилт үлдэв.
- Мэргэжлийн бага ангиллын орон тоог бөглөх зорилгоор олгодог жил тутмын H-2B визийн квот 000-70.000 хүртэл нэмэгдлээ.
- Эрүүл мэндийн яамны санхүүжилт $3 тэрбумаар нэмэгдсэний $2 тэрбум доллар нь Трампын төсвийг нь танах ёстой хэмээн үздэг Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнд очиж байна.
- Төсөвт эдийн засаг нь сүйрлийн ирмэгт ирсэн Пуэрто-Рикогийн эмнэлэгийн системийг аврахад $295 сая, Африкт зориулагдсан “Энх тайвны төлөө” гэсэн хүмүүнлэгийн хөтөлбөрт $995 сая долларыг суулгажээ.
- Обамагийн засаг захиргааны үеэс эхэлсэн янз бүрийн экологийн газруудын санхүүжилт хэвээр үлдсэн байна.
Хэрэв батлагдсан төсвийг Ардчилсан нам боловсруулсан бол энэ нь урсгал төсвөөс ялгарахгүй байсан гэж хэлэхээр болсон байна. Эрх баригч БНН ба Трамп нар энэ удаагийн төсөвт Мексикийн хилийн дагуу босгох ханын зардлаа тусгаж чадаагүй үлджээ. Энэ нь тэдний төсвийн тулаанд амссан хамгийн том ялагдал болж байна.
Ардчилсан нам үүнийг яагаад ч дэмжиж чадахгүй гэсээр төсвөөс хасуулж чадлаа. Эндээс л улс төрийн тоглоом, хууль эрхийн томъёоллын маргаан эхэлж байна. Шинэ төсөвт хилийн хяналтад зориулагдсан 1.5 тэрбум ам.доллар суусан байгаа ч энэ хөрөнгийг Дотоодын аюулгүй байдлын алба (DHS) авч байгаа. Энэ мөнгөөр DHS-д хана босгох боломжийг олгохгүйн тулд хууль тогтоогчид хийх ажлын хүрээг нь нарийвчлан гаргасан байх гэнэ.
(Зураг 2– Ардчилагч нарын лидер Нэнси Пелози)
Бүрэн бүтэн хана ч биш, ердөө нэг хайсархуу юм байх бололтой.
Байдал ийм байгаа ч Цагаан ордны төлөөлөгчид батлагдсан төсвийг “өөрсдийн ялалт” хэмээн тунхаглаж, АНУ, Мексикийн хил дээр хана босгох мөнгө гаргана гэж мэдэгдээд байна. Энэ нь бүрэн бүтэн хана ч биш, ердөө нэг хайсархуу юм байх бололтой.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер хэвлэлийн хурал хийж “хилийн хайсны” зургийг үзүүлсэн ба төсвийн билль нь иймэрхүү байгууламжийг засварлах гүйцээн барих боломжийг өгч байна хэмээн хэлжээ. Яахав дээ, бүрэн бүтэн “их цагаан хэрэм” биш ч гэсэн ямар нэгэн хаалтархуу юмтай л үлдэх бололтой.
Төсвийн тохиролцооны дараа доод танхимын Бүгд найрамдахчуудын ихэнх сэтгэл дундуур үлдлээ. Тэгэхээс аргагүй. Тус намын лидерүүд зөвхөн хилийн албанд 1.5 тэрбум, Пентагоны зардалд 15 тэрбум долларын нэмэлт санхүүжилт авч чадсан юм чинь.
Олонхи нь шүдээ зууж төсвийг баталсан юм шиг байгаа юм. Гэхдээ бүгд найрамдахчуудын бараг тал хувь нь болох 105 хууль тогтоогч, хэд хэдэн ардчилагчид төсвийн шинэ биллийг дэмжихээс эрс татгалзжээ. Тэднээс гадна Freedom Caucus ба Tuesday Grou гэх барууны үзэлтэй группынхан оролцсон консерватив бүгд найрамдахчууд төсвийн эцсийн хувилбарын эсрэг зогслоо.
(Зураг 3 – Шон Спайсер хэвлэлийн бага хурал дээр)
Төвийг баригч хоёр намын гишүүдийн тоо төсвийг батлахад хангалттай ирц бүрдүүлж байв. Нийт 435 конгрессменүүдийн 309 нь төсвийг дэмжээд хуулиа Сенатаар хэлэлцүүлэхээр илгээсэн аж. Сенатын гишүүд энэ долоо хоног дуусахаас өмнө түүнийг батлаад Ерөнхийлөгчид гарын үсэг зуруулахаар явуулах бодолтой байгаа аж.
Энэ хооронд Цагаан ордны санаачлагыг төсөв дэмжихгүй бол Трамп төслийг дэмжихгүй гэсэн яриа гарсан байсан юм. Харин одоо Ерөнхийлөгчийн захиргааны төлөөлөгч нарын ярианаас харвал Трамп юу боллоо гэж эрсдэл хийн Засгийн газраа хаалгав гэж. Трамп энэ удаа ардчилагч нарт буулт хийгээд дараагийн тулаандаа бэлтгэж эхлэв бололтой.
Есдүгээр сард бүгд найрамдахчуудын өөрт ашигтай, бие даан баталж болох үндсэн төсвийн төсөл дээр Ерөнхийлөгчийн зөвлөхүүд ажиллахаар бэлтгэлдээ ороод байгаа гэнэ. Харин одоохондоо Ардчилсан намынхан Трампын засаг захиргаанд анхны ялагдал хүлээлгэсэндээ баярлаад л сууж байна.
М.ЭРДЭС
(Зураг-4 Трамп богино хугацааны төсвийн баримтад гарын үсгээ зурж байгаа нь)