Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах, зөвлөмж гаргах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлөөс өнөөдөр (2017.05.05) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав мэдээллийн эхэнд “Үндэсний статистикийн хорооноос анхдугаар зөвлөлдөх санал асуулгын дүнг тавдугаар сарын 02-нд хүлээн авч, зөвлөмжөө гарган, тавдугаар сарын 03-нд Төрийн байгуулалтын байнгын хороонд, өнөөдөр Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардууллаа. Зөвлөмжид дурдсан гол агуулгыг олон нийтэд хүргэх зорилгоор мэдээлэл хийж байна” гэдгийг тодотгов.
Дараа нь Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, академич Г.Чулуунбаатар Зөвлөмжийн гол агуулгыг танилцуулсан юм. Тэрбээр, “Улсын Их Хурлын тогтоолоор баталсан зургаан сэдэв тус бүрийг зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд хэрхэн үзэж, ямар байр суурь илэрхийлснийг хураангуйлан дүгнэж, зөвлөмж гаргалаа. Асуудалд үнэлгээ хийхдээ 0-10 гэсэн оноогоор тооцон, 1-4 хүртэлхийг эрс эсэргүүцсэн, 4-6 хүртэл дундаж, 6-10 хүртэлхийг бүрэн дэмжсэн байрь суурь илэрхийлсэн гэж үзсэн.
Санал асуулгын дүнгээс үзэхэд “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах” талаархи сэдвийн эхний асуудал буюу Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд томилох, чөлөөлөх асуудлыг иргэд санал асуулгын нэг, хоёрдугаар шатны аль алинд нь тууштай дэмжсэн. Удаах асуудал болох Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлалт хийвэл ямар вэ гэсэн асуудлаар иргэд дундаж байр суурь илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, аль аль талаас нь харах нь зүйтэй гэж үзсэн байна. Дараагийн, Засгийн газрын бүрэлдэхүүн, яамдын нэрийг Үндсэн хуульд бичиж баталгаажуулах ёстой юу гэдэг асуудалд бүрэн дэмжсэн байр суурь илэрхийлсэн.
“Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”сэдвийн хүрээнд тавигдсан Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаанд УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүн нэг удаа сонгох зохицуулалтыг хийвэл ямар вэ гэсэн асуудлаар 4-6 оноонд хэлбэлзсэн буюу дундаж байр суурь илэрхийлсэн дүн гарчээ.
Үүнийг зөвлөмжид тусгахдаа юуны өмнө зөвлөлдөх санал асуулгын хэсгийн болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлгийн үеэр оролцогчид шинжээчдэд асуулт тавьж, хариулт авсан байдал, мөн өмнө хийгдсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, бусад судалгааны дүнг үндэслэн нарийвчлан судалж байж шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ. Энэ сэдвийн Ерөнхийлөгчийн хууль санаачлахыг хязгаарлах асуудлыг иргэд дэмжсэн, харин хориг тавихыг хязгаарлах асуудал дундаж байр суурьтай гарсан учир нягталж үзэх шаардлагатай.
“Улс төрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвийг санал асуулгад оролцогчид бүхэлд нь тууштай дэмжсэн байр сууриа илэрхийлсэн байна.
“Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” сэдвээр тавигдсан хоёр үндсэн асуудлын нэг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг тодорхой болгож, Үндсэн хуульд аймаг нь сум, хот нь дүүрэг нь, дүүрэг нь хороо, хороо нь хэсэгт хуваагдахаар зохицуулбал ямар вэ гэсэн асуудлыг тууштай дэмжсэн бол удирдлагыг сонгох асуудлаар 4-6 гэсэн дундаж утга гарсан учир энэ асуудлыг нарийвчлэн судалж, тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл судалгааны мэдээллээр нарийвчлах шаардлагатай гэсэн зөвлөмж өгсөн.
“Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвээр хоёр үндсэн асуудал тавигдсан. Үндсэн хуулийн хяналт шалгалтын механизм бий болгох, парламентын бүтцэд Мөрдөн шалгах түр хороо байгуулбал ямар вэ гэсэн асуудал хоёулаа өндөр хувиар дэмжигджээ.
Харин “Монгол Улсад Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоёр хоёр шатлалтай парламент байгуулах” сэдвээр нэлээд савлагаатай дүн гарлаа. Эхний шатанд ямар нэг мэдээлэл өгөлгүйгээр 1570 хүнээс авсан санал асуулгаар энэ асуудлыг 67 хувиар дэмжсэн байсан бол Төрийн ордонд болсон нээлттэй хэлэлцүүлгийн дараа энэ байр суурь нэлээд гулгаж, 0-4 гэсэн үнэлгээгээр дэмжихгүй гэсэн байр суурь давамгайлсан.
Дээрх ерөнхий дүн санал асуулгын тайланд тусгагдаж гарч ирснийг Зөвлөлдөх зөвлөл хэлэлцээд, үүнд үндэслэж гаргасан зөвлөмждөө ард түмний санал асуулгаар бодитой дэмжигдсэн асуудлыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулахдаа анхааралтай авч үзэх, харин эрс эсэргүүцсэн болон дундаж байр суурь илэрхийлсэн асуудлыг тодорхой судалгаа, мэдээлэл дээр үндэслэн, нарийвчлан үзсэнээр хэрхэн яаж тусгахаа шийдвэрлэх шаардлагатайг тусгасан” гэлээ
Зөвлөлдөх зөвлөлийн дарга, гишүүд төгсгөлд нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.