Улс төр эргүүлж, ухаанаа алдаж байх зуур олигархуудаас болж иргэд нь хөлдөж үхэх гэж буй бололтой. Арав гаруй жил ярьж байгаа утааны асуудлаа дахиад л шийдэж чадахгүй гацаачихаад араас нь хөхөө өвлийн хүйтнээр түлэх түлээч үгүй суулгах гэж байна уу ?
Уг нь энэ жилийн сүүлээс утаагүй хот болно гэж итгэж байсан маань ч “лөөлөө” болж иргэд дахиад л хордох шинжтэй болов. Өөрөөр хэлбэл, зунжингаа дуулиан болсон шахмал түлш гэр хорооллын иргэдээ бүү хэл нийслэлчүүдийг ч хангаж чадахгүй хэмжээнд хүрч байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах замаар өнгөрсөн хавраас эхэлж түүхий нүүрсийг хориглосон.
Тодруулбал, Ерөнхий сайд өнгөрсөн тавдугаар сарын 15-наас түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахыг хориглосон шийдвэр гарахаас эхлүүлээд, өнөөдрийг хүртэл энэ асуудал дээр үүрэг өгсөөр байгаа. Гэтэл нийслэлийн 220.000 өрхийн хэрэглээг хангах сайжруулсан түлшний нөөц 50 хувьдаа ч хүрээгүй байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, нийслэлийн өрхүүд галалгааны улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс түлдэг гэсэн судалгаа бий.
Энэ хэрэглээг 600.000 тонн сайжруулсан шахмал түлшээр хангах боломжтой гэж тооцоолсон. Гэвч одоогоор 155.600 тонн л шахмал түлш бэлтгээд байгаа тухайг албаныхан ийн ярьж байна. Энэ талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацралын хэлснээр бол “Наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц 155.600 тонн байна.
Түлшийг Сонгинохайрхан дүүргийн 22, 28 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 22, 23, 27 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нийт 10 цэгээр тавдугаар сарын 15-наас борлуулж эхэлсэн. Өнөөдрөөс эхлэн нэмж борлуулагчидтэй гэрээ байгуулж ажиллана.
Мөн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавьж ажиллах бүтцийг дөрвөн түвшинд гаргаад байна” гэв. Мөн Улсын онцгой комиссын хурал дээр Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин “Энэ сарын эцсээр уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр агаар хөрсөнд цочир хүйтрэх төлөвтэй байна” гэсэн нь “Өвөл айсуй”-г улам бататгаад байх шиг.
Өвөл хаяанд ирж хаалга үүд тогшоод байхад шахмал түлшнийхээ талыг нь ч бэлдээгүй энэ хариуцлагыг хэнтэй ярих вэ мөн иргэдээ хэрхэн яаж өвөлжихийг хэлээд өгөөч Ерөнхий сайд аа.
Эх сурвалж: Нийгмийн толь