УИХ дахь МАН-ын бүлэг дахин хагаралдсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эрх баригчдыг дахин үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг хөдөлгөөнд орууллаа гэсэн мэдээлэл сүүлийн үед идэвхитэй тархаж байгаа. Гэвч энэ талаар МАН-ын гишүүд ам нээж, байр сууриа илэрхийлж амжаагүй байна.
Засгийн газар шийдвэр гаргаж, зарим уул уурхайн компанийн лецинзийг цуцалсан нь Б.Чойжилсүрэн, Ж.Эрдэнэбат нарын гишүүдэд халтай тусав. Мэдээллийг дагаад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй гишүүд 08.21-ны шөнө Б.Чойжилсүрэнгийн мэдлийн Новотел зочид буудалд цугласан мэдээлэл ч цахим орчинд түгээд байна.
Хөндөгдсөн сэдвүүд үнэн үү, худал уу гэдэг асуултад асуудлын гүнд нэлээн тод яригдсан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хариулт өгч zindaa.mn сайтад ярилцлага өгчээ.
Гишүүн ярилцлагадаа “Бидний сэтгэлийг зовоож байгаа ганц асуудал нь намын дотоод эв нэгдэл. Нам дотроо харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх ёстой. Намын удирдлагууд гишүүдтэйгээ уулзаж ярилцаж хэрхэх вэ гэдгээ тодорхойлж, судалгаа, үндэслэлээ бодитоор гаргах хэрэгтэй” хэмээн хэлсэн байна. Түүний энэ үг ямартай ч МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл хангалттай хэмжээнд сайн биш байгааг нотолж байх шиг байна.
Юуг нь нуухав ирэх сонгууль бидний хувьд амаргүй байх болно. Нам дотроо эв түнжин муутай, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна гээд бүгдийг тооцох шаардлагатай. Саяхан намын дарга аймгийн дарга нартай уулзахдаа “Аймаг, орон нутгийн намын байгууллагын шийдвэр дээр үндэслэнэ. Хамаатан садан, найз нөхөд байх нь сонин биш.
Гагцхүү ялалт аваад ирэх боломжтой, төрд бэлтгэгдсэн хүмүүсийг л дэвшүүлээрэй” гэж хэлсэн байна лээ. Гишүүдийг харж байхад “Надад суудал олдохгүй юм байна” гэдэг зүйлийг л яриад байх юм хэмээсэн Д.Хаянхярваагийн яриа МАН 2020 оны сонгуульд ялагдал хүлээнэ гэдгээ хэдийнэ хүлээн зөвшөөрчихсөн байгааг харуулж байх аж.
Харин Д.Хаянхярваа “У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорно. Огцрох нөхцөл нь бүрдчихлээ. Ийм хүмүүс бүлэглэн Засгийн газрыг огцруулах гэж байна гэх мэтчилэн яриа гараад байгаа нь манай нам руу гаднаас шидэж байгаа чулуу юм болов уу гэж харж байна. Засгийн газраа огцруулъя гээд манай нам дотор ямар ч яриа хэлцэл болоогүй. Болохгүй” хэмээн мэдэгдсэн байна. Түүний хэлсэн үг үнэн эсэхийг ирэх намрын улс төрийн үйл явц харуулах биз ээ.
1 comment
Бүрмөсөн сөхөрч дээ. Хаянхярваа сэлэмнээс айгаад туулай зүрх нь дэлбэрэх шахжээ янз нь. Одоо тэтгэвэртээ гардаа Хүрэлсүх лав чамайг ирэх сонгуульд сойхгүй нь лавтай