УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл Үндсэн хуулийн 52 заалтад өөрчлөлт оруулах саналаас гадна Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, санал нь Үндсэн хуулийн 49 заалтад өөрчлөлт оруулахаар өргөн баригдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг байгуулагдаж, сайтар ярилцаж байгаад хоёр төслийн заалтуудыг нэгтгэсэн юм.
Өнгөрөгч долоо хоногийн даваа гаригаас хойш УИХ дахь МАН-ын бүлэг тогтмол хуралдаж байгаа юм. Сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлэх, шүүх засаглалтай холбоотой дөрвөн асуудал үлдсэнийг дахин хэлэлцсээр байна.
УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцсэний эцэст УИХ 99 гишүүнтэй, 76:23 харьцаатай холимог, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг таван жилээр сонгогддог байхаар дэмжжээ.
УИХ дахь Ардчилсан нам, улс төрийн намууд, Ерөнхийлөгчтэй ярилцаж,зөвшилцөх ажил хийгдсээр шувтрах дөхөж байгаа учир Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг энэ сардаа багтаан батлах бололтой.