Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй

2026-10-26 12:001min
20261026-120030-file.jpeg
Гэр хорооллын өрхүүдэд зориулсан цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлнэ. Төлбөрийн үлдэгдэлтэй өрхүүдийг хөнгөлөлтөд хамруулахгүй тул арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө өрөө барагдуулах шаардлагатай.

Гэр хорооллын айл өрхүүдэд зориулсан цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлнэ гэж “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас мэдээллээ. Энэ хөнгөлөлтөд аймаг, нийслэл, 10 мянгаас дээш хүн амтай суурин газрын гэр хороололд амьдардаг, хоёр тарифт тоолууртай өрхүүд хамрагдах бөгөөд 21:00-06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 50-100 хувиар хөнгөлөх юм.

Гэсэн хэдий ч цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй өрхүүдийг уг хөнгөлөлтөд хамруулахгүй бөгөөд хэрэглэгчид 11 дүгээр сарын 1-нээс өмнө бүх өр төлбөрөө бүрэн төлсөн байх шаардлагатайг анхааруулжээ. Тус шөнийн тарифын хөнгөлөлт ирэх оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.