Сингапурт хадгалагдах алтны хэмжээ олон жил дараалан өсөж байна

Сингапурт хадгалуулж буй хувийн эзэмшлийн алтны хэмжээ 2014 оноос хойш 16 дахин нэмэгдэж, өнгөрсөн онд 800 тонн давсан гэж үнэт металлын дилер “J. Rotbart & Co” мэдээлжээ. Энэ өсөлтийн ихэнхийг Европоос орж ирж буй хөрөнгө оруулагчдын урсгал бүрдүүлсэн бөгөөд тус компани 2026 ба 2027 онуудад алтны хадгалалтын хэмжээ нэмэгдэх хандлагатай байгааг таамаглаж байна.
Сингапурын банк болон үнэт металлын дилерүүдийн мэдээлснээр, дайн, Засгийн газруудын өрийн өсөлт, улс төрийн тодорхойгүй байдалтай холбоотойгоор АНУ, Европ, Ойрх Дорнодын чинээлэг хөрөнгө оруулагчид алтаа хадгалах байршлыг төрөлжүүлэх сонирхолтой болжээ. Үүний үр дүнд найдвартай хадгалалтын шаардлагыг хангах зорилгоор гадаадын хөрөнгө оруулагчид Сингапур руу алтаа шилжүүлэх хандлага нэмэгдсэн байна.
Энэ чиг хандлагыг даган “Nomura Holdings”, “Oversea-Chinese Banking Corporation” зэрэг банкнууд алт арилжих болон хадгалах үйлчилгээгээ өргөжүүлж байгаа юм. Мөн Сингапурын засгийн газар уг улсыг биет алтны арилжааны төв болгох дэд бүтцийг хөгжүүлж эхэлсэн бөгөөд хувийн хэвшлийн өндөр хамгаалалттай хоёр том агуулах нь нийт 2200 тонн алт хадгалах хүчин чадалтай аж.
“Trade Data Monitor”-ийн мэдээллээр энэ оны наймдугаар сарын байдлаар Сингапурын алтны импорт 44 хувиар өсөж, 171 тонн болсон байна. Харьцуулбал, дэлхийн биет алт хадгалах гол төв болох Лондонд энэ хэмжээнээс бараг 60 дахин их алт хадгалагддаг бөгөөд үүн дийлэнхийг нь Төв банкнуудын нөөц бүрдүүлдэг байна.
