Нийслэлд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Засгийн газраас нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн 1400 тонн нөөцийн махыг үе шаттай шуурхай худалдаанд гаргахаар шийдвэрлэв.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн зургаан байршилд өнөөдрөөс эхлэн зохион байгуулна. Худалдаа өнөөдөр 12:00-20:00 цагт, маргааш 10:00-18:00 цагт явагдана.
Худалдаа зохион байгуулах байршлууд нь: Баянгол дүүргийн “Байгаль эх” цогцолбор, Баянзүрх дүүргийн Жуковын талбай, Чингэлтэй дүүргийн “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбай, Хан-Уул дүүргийн Төв цэнгэлдэх хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбай, Сүхбаатар дүүргийн “Хангай” хотхоны гадна талбай юм.
Өргөтгөсөн худалдаагаар үхрийн махыг килограмм тутамд 15,000 төгрөг, хонины махыг 13,000 төгрөгөөр борлуулна. Мөн ирэх лхагва гарагаас эхлэн сүлжээ дэлгүүрүүдээр, пүрэв болон баасан гарагаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр дээрх үнээр нөөцийн махыг худалдаалж эхлэх юм.
