Нийслэлд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа эхэллээ

2026-05-19 16:021min
20260519-160201-file.jpeg
Засгийн газраас нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн 1400 тонн нөөцийн махыг зургаан байршилд өргөтгөсөн худалдаанд гаргаж байна. Махыг гэрээт үнээр борлуулах бөгөөд худалдаа хоёр өдөр үргэлжилнэ.

Засгийн газраас “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн 1400 тонн нөөцийн махыг үе шаттай шуурхай худалдаанд гаргахаар шийдвэрлэв.

Энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн зургаан байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс эхлэн зохион байгуулна. Худалдаа өнөөдөр 12:00-20:00 цагт, маргааш 10:00-18:00 цагт явагдах юм.

Худалдааны байршлууд нь Баянгол дүүргийн “Байгаль эх” цогцолбор, Баянзүрх дүүргийн Жуковын талбай, Чингэлтэй дүүргийн “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбай, Хан-Уул дүүргийн Төв цэнгэлдэх хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбай, Сүхбаатар дүүргийн “Хангай” хотхоны гадна талбай юм.

Өргөтгөсөн худалдаагаар махыг гэрээнд заасан үнээр борлуулна. Үхрийн махны килограмм нь 15,000 төгрөг, хонины махны килограмм нь 13,000 төгрөгөөр худалдаалагдах юм.

Мөн ирэх лхагва гарагаас эхлэн сүлжээ дэлгүүрүүдээр, пүрэв болон баасан гарагт гэрээт хүнсний дэлгүүрүүдээр дээрх үнээр нөөцийн махыг худалдаалж эхлэхээр төлөвлөжээ.