Ерөнхий сайд махны үнийн өсөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудад үүрэг өглөө

2026-05-18 10:001min
20260518-100034-file.jpeg
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал махны үнийн өсөлттэй холбоотойгоор холбогдох яам, агентлагуудтай уулзаж, үнийн тогтворжилт, махны нөөц бүрдүүлэлтийг сайжруулах үүрэг даалгавар өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Монополын эсрэг газар, Татварын ерөнхий газрын удирдлагуудтай махны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар уулзаж, үүрэг даалгавар өглөө.

2024 оны дөрөвдүгээр сард инфляц 10.1 хувьд хүрсэн бөгөөд үүнд махны үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Засгийн газар ОХУ-тай хийсэн хэлцлийн үр дүнд түлш, шатахууны үнэ өсөөгүй ч махны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 гаруй хувиар нэмэгдсэн байна.

Хүнсний тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга нар стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, хүн амыг тогтвортой хангах үүрэгтэй. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба махны нөөц бүрдүүлэх гэрээ байгуулан ажилладаг бөгөөд 2025-2026 оны өвөл, хаврын улиралд нийслэлд есөн аж ахуйн нэгж 5,017 тонн мах нөөцөлсөн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад бага байна. Жишээ нь, 2021 онд нийслэлд 10 мянга гаруй тонн мах нөөцөлж байжээ.

Хүн амын тоонд тохирсон махны нөөц хангалтгүй байгааг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн онцлов.

Махны үнэ 2025 оны арван хоёрдугаар сараас огцом өсөж эхэлсэн бөгөөд гэрээтэй есөн аж ахуйн нэгж нөөцөө тухайн сард бүрдүүлсэн байна. Гэвч зарим тохиолдолд нөөцийг “Хүчит шонхор” захаас бүрдүүлсэн нь Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүний анхаарлыг татжээ.

Иргэдийн махны үнийн өсөлтийг бууруулах зорилгоор махны нөөц бүрдүүлдэг гэрээт аж ахуйн нэгжүүд хугацаа алдаж, хүнсний захаас мах худалдаж нөөц бүрдүүлсэн асуудлыг нягтлах, мөн нэг удаагийн өндөр дүнтэй борлуулалтыг Е-баримтаар шалгах үүргийг Ерөнхий сайд Н.Учрал өгсөн байна.

Мөн богино хугацаанд махны үнийг тогтворжуулах боломжийг судалж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхийг Эдийн засаг, хөгжлийн яам болон ХХААХҮЯ-ны холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.