“Чингис хаан банк” болон “Капитал банк”-аас 70 тэрбум төгрөгийн өр төлбөрийг Нийгмийн даатгалын санд төвлөрүүлжээ

2026-05-12 12:001min
20260512-120032-file.jpeg
Нийгмийн даатгалын ерөнхий газарт "Чингис хаан банк" болон "Капитал банк"-аас нийт 207.7 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх шийдвэр гарсан бөгөөд одоогоор 70 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Чингис хаан банк” ХХК болон “Капитал банк” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт албан бичиг ирүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2020/02624 болон 181/ШШ2024/00464 дугаартай захирамжаар “Чингис хаан банк” ХХК-аас 103.5 тэрбум төгрөг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2020/02419 дүгээр захирамжаар “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 104.2 тэрбум төгрөг гаргуулан Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн байна.

Эдгээр шийдвэрийн дагуу нийт 207.7 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд төлөх ёстой бөгөөд 2026 оны 4 дүгээр сарын 16-ны байдлаар 70 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдсан байна. Үлдэгдэл нь 137.7 тэрбум төгрөг байгаа бөгөөд барагдсан өр төлбөрийн 30.9 тэрбум төгрөг нь бэлэн мөнгө, 39.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 100 ширхэг үл хөдлөх хөрөнгө оржээ.

Шүүхийн шийдвэрүүд гарснаас хойш Нийгмийн даатгалын ерөнхий газраас холбогдох хууль, журмын дагуу “Чингис хаан банк” ХХК, “Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 100 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон хүлээн авч, нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах, үл хөдлөх зуучлалын байгууллагаар зуучлуулах, олон нийтэд ил тод мэдээлэн шууд худалдан борлуулах зэрэг арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж, нийгмийн даатгалын санд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэн ажиллаж байна.