Ж.Энхбаяр: Засгийн газар махны үнийг зохицуулахгүй

2026-05-12 14:001min
20260512-140031-file.jpeg
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газраас махны үнийг зохицуулах ямар нэгэн арга хэмжээ авахгүйг мэдэгдэв. Махны үнийн өсөлт нь малчдын орлогод эерэг, хотын иргэдэд сөрөг нөлөөтэй байна.

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Х.Болормаа махны үнийн өсөлт иргэдийн амьдралд хүндрэл учруулж байгааг онцлон, Засгийн газраас үүнд анхаарч ажиллах эсэхийг асуув.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газраас мах, ноолуурын экспортыг дэмжиж байгаа нь малчдын орлогод эерэг нөлөө үзүүлж байгаа ч хот суурин газрын иргэдэд үнийн өсөлт сөрөг нөлөөтэй байгааг хүлээн зөвшөөрөв.

Тэрбээр орон нутаг нөөц бэлдэх үндсэн үүрэгтэй бөгөөд Засгийн газар нийлүүлэлтэд оролцохгүй байх бодлого баримталж байгааг мэдэгдэв. Өнгөрсөн намар нийслэл 8 тонн нөөцийн мах бэлдсэн бөгөөд тавдугаар сард нийлүүлэлт дуусах төлөвтэй байна.

Засгийн газар махны үнийг хязгаарлах, зохицуулах ямар нэгэн арга хэмжээ авахгүй бөгөөд үнийн хэлбэлзэл нь эрэлт нийлүүлэлтийн зарчимд нийцсэн байх болно гэдгийг онцлов.