Монгол Улсад Евро-5 стандартын шатахууны тогтвортой нийлүүлэлтийг тохиролцов
2026-04-18 10:001min

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Газпромнефть компанийн удирдлагатай уулзаж, Евро-5 стандартын шатахууны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх, үнийн тогтворжилтын талаар тохиролцлоо.
Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оросын Холбооны Улсад айлчилж байна. Айлчлалын үеэр тэрбээр ОХУ-ын Газпромнефть компанийн захирал Александр Валерьевич Дюковтэй уулзаж, Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа. Уулзалтаар газрын тос, шатахууны үнийн өсөлттэй холбоотой дотоодын зах зээл дээр үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр санал солилцсон юм. Үр дүнд нь Евро-5 стандартын шатахууны бүтээгдэхүүнийг манай улсад тогтвортой нийлүүлэх, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх талаар тохиролцсон байна. Мөн шатахууны үнийг тодорхой төвшинд тогтворжуулах асуудлыг судалж, холбогдох засгийн газрын байгууллагуудтай зөвшилцөн шийдвэр гаргах талаар хэлэлцэв.
