Малын индексжүүлсэн даатгал гэж юу вэ?

Малын индексжүүлсэн даатгал гэж юу вэ?
Хамгийн зөв асуулт.
Тэгвэл энэ хамгийн зөв асуултанд маш тодорхой хариулах гээд үзье!
Малын индексжүүлсэн даатгал /МИД/ нь малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл болон гэнэтийн эрсдэлийн гамшгаас үүдэлтэй ихээхэн хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлэх даатгал юм. Ер нь маш ойлгомжтойгоор хэлэхэд мал сүргийг даатгадаг нь Малын индексжүүлсэн даатгал, малчин таныг даатгадаг нь Малчны эрсдэлийн даатгал юм. Хамгийн түрүүнд үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй. Малчны эрсдэлийн даатгал хийлгэчихээд Малын индексжүүлсэн даатгалаас нөхөн төлбөр авна гэж бодож болохгүй. Тэгээд даатгал нөхөн төлбөр өгдөггүй, шулаач гэж дуугарах бүр ч хэрэггүй. Эхлээд судла, дараа нь сонго. Бас малчин таныг дарамталж, шахаж, заавал хийх ёстой гэж тулгадаг албан журмын даатгал биш.
Малчин өөрөө судалж, сонгож, өөрийн хүслээр даатгуулдаг даатгал юм. Ер нь бол өөрийн эрдэнэт сүргээ даатгуулах эсэх нь малчин таны шийдвэр. Даатгууллаа гэхэд хоттой хонио нэг бүрийг нь хэдээр үнэлж даатгуулах нь таныг л хэрэг. Эрсдэл үүсч, босго үзүүлэлт давсан тохиолдолд нөхөн төлбөр авна. Бүх зүйл тогтоосон хууль журмын хүрээнд явагдана. Өгөхгүй зальдаад өнгөрөөх боломж байхгүй. Та өөрийн эрдэнэт сүргээ нэг мянган төгрөгөөр даатгуулчихаад нэлээн хэдэн сая төгрөг авна гэж бодох хэрэггүй. Тухайн орон нутгийн нийт малын хорогдлын хувь хэмжээнээс болж нөхөн төлбөр өөр өөр хэмжээтэйгээр тооцогдоно. Гэхдээ даатгал хэрэгтэй, хэрэггүй гэж цухалдахаасаа өмнө эхлээд сайн судлачих хэрэгтэй байгаа юм.
Мянган малаа нэг төлөгний өртөг болох 150 мянган төгрөгөөр даатгуулчихдаг. Тэгээд зудад 200 ширхэг хонио алдчихдаг. Орон нутгийн хэмжээнд иймэрхүү хохирол учирсан тохиолдолд та даатгалаас нөхөн төлбөр авна. Та 200 хонио алдсан эсэхээс үл хамаарч, даатгуулсан 150 мянган төгрөгийнхөө хүрээнд л даатгалаас нөхөн төлбөр авна. Үсрээд 1 сая төгрөг авна. Гэтэл та 200 хонио алдчихсан байдаг. Тэгээд л даатгалыг харааж эхлэдэг. Муу луйварчид … гээд цааш үргэлжилнэ. Уучлаарай, таны сонголт шүү дээ. Та л 1000 хонио 150 мянганаар үнэлсэн.
Хатуухан хэлэхэд 1000 хонио ганц төлөгний үнээр даатгуулсан. Харин ч даатгал танд 6 төлөгний мөнгө өгөөд байна, хөөе. Түүнээс 200 хонио алдчихаж хөөрхий гээд 100 төлөгний мөнгө өгөх боломжгүй. Гэхдээ байна ш дээ, та өнчин төлөгний ч хохиролгүй цагийн хатууг даван туулчихаад даатгалаас зургаа байтугай 100 төлөгний мөнгө ч авдаг тохиолдол зөндөө байдаг. 1000 хонио 1 саяас дээш төгрөгөөр даатгуулчихсан байдаг. Цагийн хатууг эвлэг сайхан давчихсан байдаг. Орон нутгийн нийт малын хорогдол босго үзүүлэлт даваад талийсан байдаг. Энэ тохиолдолд малчин даатгуулсан ном журмын дагуу нөхөн төлбөр авдаг. Түүнээс танайх өнчин шүдлэнгийн алдагдалгүй цагийг давсан гээд нөхөн төлбөрөөс чөлөөлнө гэж байхгүй. Бүх зүйл хууль тогтоомжийн дагуу л шийдэгдэнэ. Үүнийг л ИНДЕКСЖҮҮЛСЭН даатгал гэж хэлээд байгаа юм.
Малын индексжүүлсэн даатгалд малыг сүргээр нь даатгана. Хэзээ ч зүсэлж даатгахгүй. Жилийн эцсийн мал тооллогыг үндэслэн даатгадаг даатгал юм. Нөхөн төлбөрийг хагас жилийн мал тооллогын дүнгээс үндэслэн олгоно. Орчин цагт өөрийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэнд гээд даатгуулахгүй юм гэж байхгүй болсон шүү. Даатгал бол эрсдэлээс урьдчлан сэргийлэх хэрэгсэл төдийгүй санхүүгийн хамгаалалт юм. Эрсдэлгүй амьдарвал үнэхээр сайхан. Гэхдээ амьдрал, цаг хугацаа, цаг агаар 3 тааварлашгүй.
Эрсдэлтэй нүүр тулгарахад даатгалтай байна гэдэг бол санхүүгийн хамгаалалттай байна аа л гэсэн үг юм. Эцэст нь хэлэхэд малын Индексжүүлсэн даатгал жил бүрийн 1 дүгээр сарын 1-ээс 6 дугаар сарын 30 хүртэл үргэлжилдэг. Харин энэ жилийн Малын индексжүүлсэн даатгалын борлуулалт хуулийн нэмэлт өөрчлөлтөөс шалтгаалан 3 дугаар сараас 8 дугаар сарыг дуустал үргэлжлэх болно. Малын индексжүүлсэн даатгалыг Миг даатгал ХХК, Бодь даатгал ХК, Хаан даатгал ХХК, Монгол даатгал ХК, Ард даатгал ХК, Практикал ХХК зэрэг 6 компани, Төрийн банк болон Хаан банкаар дамжуулан хийж байна.
Б.Чулуунцэцэг
