“Гоожингийн өндөр” түүхэн барилгыг сэргээн засварлахаар боллоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн VI хороонд байрлах 114 жилийн настай түүхэн “Гоожингийн өндөр” барилгыг сэргээн засварлах А даалгаврыг боловсруулж, удахгүй тендер зарлахаар болжээ. Уг барилгыг 1.3 тэрбум төгрөгөөр сэргээн засварлах төлөвлөгөөтэй байна.
“Гоожингийн өндөр” барилгыг гурван жилийн өмнө шүүх дээр маргалдаж, нийслэлийн мэдэлд буцаан авах, сэргээн засварлах асуудал шийдэгдээгүй байсан ч газрын эзэдтэй тохиролцсоны үндсэн дээр Улаанбаатар хотын нэр дээр шилжүүлэн авч, сэргээн засварлах боломж бүрдсэн байна.
Энэхүү хоёр давхар модон байшинг анх 1914 онд Богд хааны Өндгөн сүргийн нутагт, одоогийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойд хэсэгт Богд хаант Монгол улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэнд зориулан барьжээ. 1918-1919 онд Сангийн яаманд шилжүүлэн өгч, одоогийн 21 дүгээр сургуулийн зүүн хойно, Баянзүрх захын баруун урд хэсэгт авчирсан байна.
Уг байшинд Сангийн яамны “Гадаад хүүгийн хэлтэс” үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд С.А.Козин зөвлөхөөр ажиллаж байжээ. Тухайн үед хоёр давхар байшинг “өндөр” гэж нэрлэдэг байсан ба Козин нэрийг дуудахад хүндрэлтэй тул “Гоожин” хэмээн сунжруулан дуудаж, ингэснээр “Гоожингийн өндөр” нэршил үүссэн байна.
Байшингийн нэг тасалгаанд 1919 онд Монголын хууль шастир хэвлэх газар байрлаж, тэнд Д.Сүхбаатар үсэг өрөгчөөр ажиллаж байжээ. Мөн 1920 оны 10 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 14-ний хооронд Хятадын түрэмгийлэгчид Богд хааныг гэрийн хорионд байлгасан газар юм.
Дараа нь уг байшин Санхүүгийн техникумын оюутны дотуур байр болон 21 дүгээр сургуулийн ажилчдын байр болж байсан ч одоо эзэнгүй, ашиглагдаагүй байна. “Гоожингийн өндөр” нь тухайн үеийн дүр төрхөө хадгалсан түүхийн дурсгалт барилга юм.
