Нийслэлд цахилгаан дугуй, скүүтэрийн хэрэглээ нэмэгдэж, насанд хүрээгүй хүүхдүүдийн зам тээврийн аюулгүй байдлыг сайжруулах үүрэг өглөө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр ахалсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал болж, цахилгаан дугуй, скүүтэр зэрэг сурроны хэрэглээ болон аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэв.
НИТХ-ын дарга А.Баяр насанд хүрээгүй иргэд суррон унаж авто замын хөдөлгөөнд оролцохыг бүрэн хориглох, уг тээврийн хэрэгслийг мотоциклын ангилалд хамруулж, стандарт, шаардлагыг мөрдүүлэх үүрэг өглөө. Тэрбээр хүүхдүүд замын хөдөлгөөний эрсдэлийг бүрэн ойлгох чадваргүй байгааг онцлон, эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг анхааруулсан.
Албаныхны мэдээлснээр сүүлийн 2-3 жилд цахилгаан дугуй, скүүтэрийн хэрэглээ огцом нэмэгдсэн бөгөөд 2024 онд энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой 300 гаруй осол бүртгэгдсэн байна. Осолын 40 гаруй хувь нь хамгаалалтын хэрэгсэлгүй, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй өсвөр насныхан байжээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр 5-9 дүгээр сард цахилгаан тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол, бэртлийн дуудлага эрс нэмэгддэг бөгөөд толгой, гар, хөлний хүнд гэмтэл зонхилдог байна.
НИТХ-ын дарга А.Баяр дараах шаардлагыг мөрдүүлэхийг үүрэг болголоо: 18 нас хүрээгүй иргэд суррон унахыг хориглох, 18 нас хүрсэн бол А ангиллын жолооны үнэмлэхтэй байх, улсын бүртгэл, дугаар, тэмдэглэгээтэй байх, хамгаалалтын каск, бээлий өмсөх, баруун, зүүн гарын дохио, хоёр талын тольтой байх.
Энэхүү зохицуулалт хүүхэд, өсвөр үеийнхнийг зам тээврийн ослоос сэргийлэхэд чухал ач холбогдолтойг албаныхан онцоллоо.
