“Оюуны гэгээ” академи зуны эрчимжүүлсэн цөм сургалтандаа элсэлт авч эхэлсэн байна. Уншигчдад мэдээлэл өгөх зорилгоор бид сургалтын давуу тал, онцлогийн талаар тус Академийн үүсгэн байгуулагч, сургагч багш Г. Нямрагчаатай ярилцлаа.
-“Оюуны гэгээ” академиа танилцуулахаас яриагаа эхэлье. Хэзээ ямар чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бэ?
-2017 онд үүсгэн байгуулагдаж Монголд жил орчмын хугацаанд ажиллаж байгаад Хятад улсад ажиллаж байгаад ирлээ. Бид ой тогтоолт болон англи хэл, цээж бодолтын төрлөөр хичээл орж байсан юм. Наадмын өмнө Монголдоо ирээд зуны хугацаанд хүүхдүүдэд сурах арга барилын чиглэлээр сургалт оруулахаар элсэлтээ авч эхлээд байна. БНХАУ-ын сургалтын давуу талуудыг суулгаж, ирээдүйд ямар ажил мэргэжил эрэлттэй байх, хувь хүн ямар ямар чадваруудыг өөртөө суулгасан байх гэх зэрэг маш сонирхолтой мэдээ мэдээллийг багтаасан хичээлүүд орно. Мөн урт хугацааны төлөвлөгөө, алсын хараагаа хэрхэн тодорхойлох зэргээр цогц сургалтууд давхар орох юм.
Хятадын боловсролын системийг өндөр гэж дүгнэдэг шүү дээ. Ер нь БНХАУ-ыг их хурдацтай хөгжиж байна гэдэг. Тиймээс аргачлалуудыг нь судалж, давуу талуудаас нь сонгож аваад бид Монгол хүүхдүүддээ зориулж программ боловсруулан хичээл орох гэж байгаа юм.
Хятадад хүүхдүүд нь “би бусдаас илүү сурч байж л надад илүү боломж нээгдэнэ” гэсэн ойлголттой байдаг. Оюутны нэг суудалд 6-10 мянган сурагч өрсөлддөг учраас аргагүй биз. Харин манайд тийм өрсөлдөөн бага учраас оюутан, сурагчид өөрсдийгөө хойш нь тавиад байдаг. Улсын сургуульд орж чадахгүй бол хувийн нэг сургуульд нь орчихно биз дээ гэсэн хандлагатай болчихсон. Үүнээс үүдээд чанаргүй боловсон хүчин хөдөлмөрийн зах зээлд маш ихээр нийлүүлэгдэж байна шүү дээ.
-Энэ хандлагад та бүхэн ямар өөрчлөлт хийж чадах юм бэ?
-Зөвхөн боловсролоос гадна хувь хүн сэтгэл зүйгээ хэрхэн удирдах ёстой юм бэ, тодорхой асуудлыг яаж хурдан шийдвэрлэж чаддаг байх вэ зэрэг асуултын хариултыг бид зааж зөвлөнө гэж ойлгож болно.
Ирээдүйд ажил олгогчид хувь хүнээс шаардах шаардлагуудын жагсаалт гарсан байгаа. Тэгвэл түүнд тохирсон аргачлалуудыг нь тайлбарлан зааж өгөх юм.
Бидний давуу тал бол судалгаан дээр үндэслэсэн сургалтын хөтөлбөр, арга барил, үр дүн
-Сургалт хэзээ эхлэх вэ. Өдөрт хэдэн цагаар хичээллэх вэ?
-Хичээл наймдугаар сарын 5-ны 18:30 цагт Идэр дээд сургууль дээр эхэлнэ. Хичээл өдөрт гурван цаг л үргэлжилнэ. Ой тогтоолт болон англи хэлний хичээл тус бүр 90 минутаар орно.
-Оюуны гэгээ академи хэдэн багштай вэ. Судалгаан дээр үндэслэсэн хөтөлбөртэй гэхээр сонирхолтой санагдаж байна. Ямар арга барилаар хичээллэх юм бол?
-Манайх дөрвөн багштай. Хоёр багш Монголд ирчихсэн, хоёр багш Хятадад хичээлээ үргэлжлүүлэн зааж байгаа. Бид хичээлээ уламжлалт бус аргаар заадаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, мэдлэгийг өөрөө бүтээх талаас нь түлхүү зааж өгөх юм. Багш бол зөвхөн чиглэлүүдийг өгнө. Ийм зүйл ирээдүйд чамд тохирч болох юм гэх байдлаар хүүхэд тус бүрийн суралцах арга барилд нь тааруулж хичээлээ орно гэсэн үг.
Манайд суралцсанаар тархины шуурга арилгаж анхаарлаа удаан хугацаанд төвлөрүүлэх чадвараа хөгжүүлнэ. Арга барилын хувьд их сонирхолтой байдлаар хичээл орно. Тухайлбал, анхаарал төвлөрүүлэх чадвар нэмэгдүүлэх сонирхолтой тоглоом тоглох, сэтгэхүйн хурд нэмэх дасгалуудаар практик дээр ажиллах гэх мэт сонирхолтой хөтөлбөрүүд бий.
Англи хэлээ барин тавин эмх цэгцгүй сурсаар олон жил болсон бол та манай сургалтанд сууснаар хамгийн хэрэгцээт дүрмүүдийг яг таг ойлгож, улмаар англи хэлний зүй тогтолцоог мэдэж авснаар цаашид өөрөө бие даан бүрэн эзэмших арга барилыг сурна.
Бас нэг өдөр анги хамт олноороо амралтанд амрана.
Бид сургалтынхаа эхний өдөр хүмүүст үнэ төлбөргүйгээр нээлттэй хичээл орно. Бид яаж хичээл орох уу, хүүхдэд нь юу сургах вэ, ямар системээр сургалт орох талаараа танилцуулах юм. Нээлттэй хичээл хүн бүрт нээлттэй.
-Хамтрагч байгууллагуудаасаа товч танилцуулаач. Одоо Хятадын ямар сургуульд хичээл ордог нь уншигчдад бас сонин байх болов уу.
-Бид Монголд харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуультай хамтран ажиллаж, үнэ төлбөргүйгээр шатар, ой тогтоолт, англи хэлний хичээл заадаг. Харин Хятадад манай академийн багш нар хоёр их сургууль, ерөнхий боловсролын хоёр сургуульд цагийн багшаар ажиллаж байна.
-Англи хэл сурах янз бүрийн аргыг хүмүүс санал болгодог. Тэр дундаас үгийг дүрслэн цээжлэх нь илүү үр дүнтэй гэж сүүлийн үед их зөвлөдөг болж. Танай академийн сургалт ямар аргыг илүүд үздэг вэ. Та бүхний давуу тал юу вэ?
-Манайх ерөнхийдөө тийм системээр явдаг. Гэхдээ хүний алхам тутамд хэрэглэж болохуйц зүйлсийг хэрэглэгдэхүүн болгож заана. Амьдралтай илүү сайн нааж, уялдуулж өгнө гэсэн үг. Жишээ нь, тэмдэглэлийн дэвтэртээ төлөвлөгөөгөө байнга бичдэг хүн дэвтрээ гэртээ мартчихсан үед өнөөдөр ямар төлөвлөгөөтэй байснаа эргэж санах асуудал тулгарна. Тэгвэл тэр төлөвлөгөөнүүдийг өдрөөр нь, эсвэл долоо хоногоор яаж мартахгүйгээр цээжлэх вэ гэдэг аргачлалыг нь бид зааж өгөх юм.
ЕБС-иудад гэхэд бид маш энгийн хэрнээ тухайн хүүхдэд өөрт нь яг хэрэгтэй зүйлсийг нь ашиглаж ой тогтоолтыг нь сайжруулна. Англи хэлний хувьд ч мөн адил. Бидний давуу тал бол судалгаан дээр үндэслэсэн сургалтын хөтөлбөр, уламжлалт бус арга барил, үр дүн.
Базаад хэлэхэд, энэ 15 хоногт тухайн хүний сурах арга барилыг илүү хурдасгаж өгье гэж байгаа юм. Хурдасгуур хөтөлбөр гээд ойлгоход болно.
Юм сурна гэдэг бол ердөө тархины фитнес юм. Чи тархиа хэр ажиллуулж дасгалжуулна, тэр хэрээр аливаа юмсыг хүлээж авах чадвар нэмэгддэг.
Эрчимжүүлсэн цөм сургалтанд нэг л удаагийн элсэлт авна
-Хүн хүний хэл сурах арга барил өөр гэдэг. Тэгэхээр та бүхний арга барил хүн бүрт нэгэн адил үр дүнгээ үзүүлж чадах уу?
-Хүмүүс ярьж, сонсож, зарим нь дүрмээр сурдаг гэхчлэн янз бүрийн арга барилаар хэл сурдаг. Тэгэхээр бид тэр хүмүүсийг хоёр бүлэг болгон хуваана. Дараа нь тэр хүмүүсээ хооронд нь холино. Ерөнхийдөө хичээлээ системтэйгээр детальчлан орж, улмаар мэдээллийг мэдлэг болгож авах чадвартай болгоно. Тиймээс үр дүнтэй байна гэдэгт итгэж болно.
– Зуны сургалтандаа нэг ангид хэчнээн хүүхэд авах вэ. Насны хязгаар заах уу?
-Бид есдүгээр сараас өмнө богино хугацааны эрчимжүүлсэн цөм сургалтандаа нэг л удаагийн элсэлт авна. Нэг ангид 12-15 хүүхэд авна. Өглөө, орой хоёр ээлжээр хичээллэнэ. Насны хувьд 12-15, 15-18 нас, 18-аас дээш насны оюутнууд гэж ангилж байгаа. Ангиудаа цагаар нь хуваана. Энэ зуны сургалт ийм ангилалтай байгаа болохоос манай академид тэтгэвэрт гарсан хүн ч суралцаж байсан. Шинэ хичээлийн жилийн сургалт арай өөр төлөвлөгөөгөөр явагдана.
-Та бүхэн ой тогтоолт, англи хэлнээс гадна өөр ямар чиглэлээр сургалт явуулдаг юм бэ. Жишээ нь Хятадад цээж бодолтыг бас заадаг юм байна шүү дээ.
-Бид өмнө нь шатар, түргэн уншилтын төрлөөр хичээл ордог байсан. Одоогоор багш нар маань ирээгүй байгаа учраас зөвхөн ой тогтоолт, англи хэлний хичээл орно.
-Мэдээж хүмүүсийн хамгийн их сонирхох асуулт сургалтын төлбөр. Нийт хэчнээн цагийн хичээл хэдэн төгрөгийн төлбөртэй байх вэ?
-Төлбөрийн хувьд хамгийн доод хэмжээ буюу 160 мянган төгрөгөөр хоёр долоо хоног хичээллэнэ. Амралтын өдрийг оролцуулаад бүтэн 14 өдрийн хичээл орно. Дунд нь нэг өдөр амарна. Тэгэхээр үндсэндээ 15 өдөр гэсэн үг. Хичээл дууссанаас хойш бид үргэлжлүүлэн онлайн сургалтыг байнга явуулна.
-Төгсөхдөө мэдээж шалгалт өгч түвшингээ тогтоолгох байх. Хэрэв шалгалтандаа унасан тохиолдолд яах вэ. Сертификаттай юу?
-Сертификат олгоно. Хэрэв шалгалтандаа тэнцээгүй тохиолдолд бид цааш нь үргэлжлүүлэн сургана. Тэр хүн тэнцэх хүртлээ үнэ төлбөргүй суралцах боломжтой.
-Дан ганц сургууль гэлтгүй байгууллагууд та бүхэнтэй хамтарч ажиллаж болох уу?
-Бололгүй яахав. Бид хамтран ажиллах сонирхолтой бүх байгууллага, сургуулиудад нээлттэй. Жишээлбэл нэг байгууллагын ажилтнуудын хүүхдүүдэд сургалт оруулах хүсэлтэй бол бид үнэ төлбөр дээр хөнгөлөлт үзүүлээд хамтран ажиллах боломжтой.
Мэргэжил сонголт бол хүүхдийн ирээдүйн маш чухал асуудал
-Мэдээж хятад, монгол хүүхдүүд өөр онцлогтой. Хятад улсын боловсролын системээс шингээсэн хөтөлбөр Монголын хөрсөн дээр хэр амжилттай буух бол?
– Өмнө нь би Монгол хүүхдүүддээ хичээл зааж байхдаа “хүнд юм заана гэдэг ямар хэцүү юм бэ” гэж бодогдож байлаа. Гэтэл дараа нь бидэнд урилга ирээд Хятад улсад очоод хичээл заасан чинь Монгол хүүхдүүд ямар ч зовлон биш юм байна гэж бодогдсон. Хятад хүмүүс хайрцаглагдчихсан байдаг. Хятад хүүхдүүдэд юм зааж сургах их хэцүү юм билээ. Тэгэхээр одоо Монгол хүүхдүүдэд ямар ч зовлонгүй зааж чадна гэж харж байгаа. Манай хүүхдүүд ч маш сайн сурч чадна.
Заримдаа тухайн юмыг яг тэр үедээ мэдчихсэн, ойлгочихсон юм шиг санагдаад, маргааш нь мартах тохиолдол цөөнгүй байдаг шүү дээ. Тэгвэл бид яаж мартдаггүй болох аргыг нь Хятадад байхдаа судлаад мэдчихсэн гэсэн үг.
-Мэргэжил сонголтын талаар зөвлөгөө өгдөг гэсэн. Төгсөгчдийнхөө тухай сонирхуулаач.
-Бид сүүлийн гурван сар Хөх хотод зөвхөн тэнд амьдардаг, эсвэл ирэн очин байдаг айлын Монгол хүүхдүүдэд хичээл орсон. 9-12 дугаар ангийн 80 орчим хүүхэд хичээллэж байсан. Тэгээд манай хүүхдүүд шалгалтаа өгөөд, өмнөх оныхтой нь харьцуулахад маш өндөр дүнтэй гарсан. Дээр нь бид тэдгээр хүүхдүүдэд мэргэжил сонголтод нь зөвлөгөө өгсөн байгаа. Энэ бол маш чухал асуудал.
Чиний мэргэжил сонголт улс эх орны хараа чиглэлтэй нэг байх ёстой, түүнтэй яаж уялдах вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Одоо нано технологи хүчээ авч байна. Хиймэл оюун ухаан, сэтгэл судлалын шинжлэх ухаан маш эрэлттэйд тооцогдох боллоо. Тэгвэл яг энэ асуудлаар хүүхэд тус бүрт, эцэг эхчүүдэд нь зөвлөгөө өгдөг юм. Тэр хүүхдийн амьдралд хэрэг болох зүйлийг нь өгчих юм сан гэж бодож нэг ч хүүхдийг алгасалгүй анхаарч ажиллаж байна даа.
-Төгссөн хүүхдүүд нь ямар мэргэжил сонгосон байдаг юм бол?
-IT-гийн инженер болно гэсэн хэсэг хүүхдүүд байна. Мөн хүнсний технологичийн мэргэжил сонгож байна. Эрүүл хооллолт, хүнсний аюулгүй байдал гэдэг чинь манайд төдийгүй дэлхийн зах зээлд маш чухал асуудал болж байна. Агаарын тээврийн хяналтын чиглэлийн мэргэжлийг ч сонгож байх жишээтэй. Ерөнхийдөө одоогоор тийм ч их эрэлттэй биш гэж хэлэхээр мэргэжлүүдийг олоод харчихсан байгаа юм. Тэдгээр мэргэжлүүд нь үнэхээр ирээдүйд, их сургуулиа төгсөх үед нь зах зээл нь бий болчихсон байна гэдгийг харсан байна гэсэн үг. Монголд 400 орчим мэргэжил бий. 200 орчим их, дээд сургууль, МСҮТ ажиллаж байна. Тэгэхэд тэр 400 мэргэжлээс та бид 30-40-ийг нь л нэрлэх байх. Харин манай төгсөгчид тийм ч түгээмэл биш мэргэжлүүдээс сонголт хийж байна.
-Хүүхдүүд арга барилаа олоод, ирээдүйн сонголтоо хийх чадвартай боллоо гэж бодоход тэдэнд гэр бүлийнхэн нь нөлөөлөх асуудал гардаг. Энэ тал дээр академийн зүгээс ямар нэгэн ажил хийдэг үү?
-Бид хүүхэд, багш, эцэг эх гэсэн гурвалсан холбоотой ажилладаг. Эцэг эхчүүдэд зориулж нэг өдөр тусгай сургалт ордог. Сургалтаар хүүхдийнхээ сурах арга барилд нь ямар байдлаар хандвал сөрөг байх уу, яаж хандвал эерэгээр нөлөөлөх вэ гэдэг талаар зөвлөж, ярилцана. Ер нь эцэг эхчүүд үглэж биш, үлгэрлэж хүүхдээ хөгжүүлэх хэрэгтэй.
-“Оюуны гэгээ” академитай яаж холбогдох вэ?
-99328600 дугаарын утсанд холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
-Та бүхэн олон хүний оюунд гэгээ нэмж, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй энэ гэгээн үйлсэд тань амжилт хүсье.
-Баярлалаа.
Ярилцсан Я.Хулан