Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалж, эх нярайг амаржууллаа

2026-03-03 10:001min
20260303-100023-file.jpeg
Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах баг Өмнөд Суданд 1400 гаруй иргэнийг хамгаалж, төрөх дөхсөн эмэгтэйг амаржуулжээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Абьeмном мужид энгийн иргэдийг хамгаалах үүргийг гүйцэтгэж байна.

2026 оны хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн тус бүс нутагт үүссэн нөхцөл байдлын улмаас 1000 гаруй иргэн, мөн хоёрдугаар сарын 27-ны өдөр 400 гаруй иргэн, ихэнх нь өндөр настан, хүүхдүүд, хамгаалалт хүсэж баазад нэвтэрсэн бөгөөд Монгол цэргүүд нийт 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ.

Цэргийн баг эмнэлгийн майхан байгуулж, анхан шатны тусламжийн цэг ажиллуулан шархадсан иргэдэд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Мөн хамгаалалт хүссэн орон нутгийн иргэдийн дунд төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэй байсныг баазын эмч, ахлах дэслэгч Ц.Цэрэнлхам, сувилагч дэд ахлагч Д.Ууганбаяр нар мэргэжлийн өндөр ур чадвар гарган эх барьж, эх нярайг эсэн мэнд амаржуулжээ.